​Гар бөмбөг дэлбэрч хоёр цэрэг амиа алдсан хэрэгтэй холбогдуулан ангийн захирагчийг нь ажлаас нь чөлөөлжээ

Энэ сарын 11-нд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн офицер, ахлагч хоёр гар бөмбөгийн дэлбэрэлтэд өртөж амиа алдаж, найман ахлагч шархадсан хэрэг гарсан билээ. Энэ явдлын дараа буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал яригдаж, АН-ын зүгээс Батлан хамгаалахын сайдыг огцрохыг шаардсан. Гэхдээ хуульд зааснаар цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг ЗХЖШ хариуцах ёстой учраас дэслэгч генерал Д.Даваад “Цэргийн хоёр алба хаагч амь үрэгдсэн ноцтой хэрэгт шууд хамаарал бүхий ажил хариуцсан албан тушаалтнуудад холбогдох хуулийн дагуу хатуу хариуцлага тооцож, дөрөвдүгээр сарын 21-ний дотор илтгэх” хугацаатай үүрэг өгөөд байсан юм.

Энэ үүргийн дагуу өнгөрсөн баасан гаригт ЗХЖШ-ын даргын зөвлөл хуралдаж, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Мөн өнгөрсөн өвөл хугацаат цэргийн алба хаагч хөлөө хөлдөөсөн хэргийг нуун дарагдуулсан Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батнямыг чөлөөлж, түүний оронд ЗХЖШ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Т.Лодойдамбыг томилсон байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …