Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт ажиллаж байна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 4 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж байна. Төрийн тэргүүн өчигдөр  Чойбалсан хотод хүрэлцэн ирсэн юм. Мөн өдрийн үдээс хойш  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Дорнод аймгийн иргэдэд танилцуулах уулзалт аймгийн хөгжимт драмын театрт болов.

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг салбар тус бүрээр танилцуулсан юм.

Уулзалтын дараа Дорнод аймгийг Төрийн дээд Сүхбаатарын одонгоор шагнах ёслол боллоо. Ёслолын эхэнд Дорнод аймгийн туг, сумдын тугийг театрын тайзнаа ёслол төгөлдөр залав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймгийн туганд Сүхбаатарын одонг хүндэтгэлтэйгээр зүүж өгсөн юм. Дорнод аймгийг одоогоос 74 жилийн өмнө Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байжээ. Ийнхүү өнөөдрөөс эхлэн тус аймаг Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Доронод аймаг хэмээн нэрлэгдэх боллоо.

Дорнод аймгийг Төрийн дээд Сүхбаатарын одонгоор шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх, эх орноо батлан хагаалахад онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг өндрөөр үнэлж, үндэсний аюулгүй байдлыг хангах, монгол соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, өвлөн хөгжүүлэхэд манлайлж, үйлдвэрлэл, үйлчилгээ, хувийн хэвшил, газар тариалангийн салбарт шинэ санаачилга, амжилт гарган ажиллаж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан бүтээлч, эрх чөлөөт нийгэм цогцлоохын төлөө хичээл зүтгэл, хөдөлмөр, бүтээлээ зориулсан, зориулан зүтгэж байгаа тус аймгийн үе үеийн ард иргэдийн хичээл зүтгэлд төрийн дээд хүндэтгэл үзүүлж, Дорнод аймгийг Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аймгийн иргэдэд хандан талархал илэрхийлж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт ажиллах үеэрээ зүүн болон говийн бүсийн аймгуудын телевиз, сонины сэтгүүлчидтэй мөн уулзалт, ярилцлага хийх юм. Дорнод аймагт Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн сэтгүүлчид ажиллаж байна.

president.mn

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …