Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд буюу хоёр сарын дараа болно. Одоогоор намуудаас хэн, хэн нэр дэвших нь тодорхойгүй байна. Хуулиараа намуудаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө буюу ирэх тавдугаар сарын 2-ноос эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгах ёстой. Энэ хугацаа дууссанаас хойш тав хоногийн дотор буюу ирэх тавдугаар сарын 11-ний дотор нэр дэвшигчдийн баримт бичгийг сонгуулийн төв байранд ирүүлэх учиртай.
Харин сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор буюу тавдугаар сарын 14-ний дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах юм.
Улмаар сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарснаас хойш ажлын гурав хоногийн дотор буюу тавдугаар сарын 17-ны дотор Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг улсын хэмжээнд олон нийтэд мэдээлэхээр болжээ.
Дашрамд дурдахад, энэ удаагийн сонгуульд МАН, АН, МАХН-аас нэр дэвшигчдээ өрсөлдүүлэх юм.