“Harley Davidson”-оор гангарсан У.Хүрэлсүх

 Хүчирхэг хөдөлгүүр, ча­мин хийц төгс төгөл­дөрийн биелэл хэмээн нэрлэгддэг алдарт “Harley Davidson” мотоцикль анх­лан үйлдвэрлэгдсэний 110 жилийн ойн баяр “Эрх чөлөө 110” уриатайгаар дэлхий даяар нэгэн зэрэг болж буй юм. Ах дүү “Harley”, ах дүү “Davidson” нарын нэрээр нэрлэгдсэн энэхүү гайхамшигт хүлгийг сонир­хогч залуус манай оронд ч цөөнгүй бий. Тэгвэл Мон­голын “Harley Davidson” сонирхогчдын холбоо ч мөн “Harley Davidson монголд 90 жил” гэсэн уриатайгаар энэхүү түүхэн баярыг тэм­дэглэн өнгөрүүллээ.

Учир нь энэхүү мотоциклийг анх 1923 онд Монголын ний­гэм улс төрийн ахмад зүтгэлтэн Солийн Данзан аме­рикийн худалдаачин Колеманд захиж авч ирүүлэн унаж байсан түүхтэй аж. Уг холбоо өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард байгуу­лагдсан бөгөөд үйл ажил­лагааг явуулаад удаагүй ч холбооныхоо залуусыг дунд олон үйл ажиллагаа явуул­сан бөгөөд үүний дотор олон хүмүүнлэгийн ажлыг хийж амжсан байна. Өнгөрсөн бямба гарагт болсон энэхүү баярын цугларалтанд “Монго­лын “Harley Davidson” сонир­хогч­дийн холбоо”-ны гишүүд, дэмжигчид нэгэн дор цуглан баярын парад хийж мотоцикл сонирхогч залуусын хамт нэгэн өдрийг өнгөрүүллээ.

Энэхүү парадад 20 гаруй “Harley Davidson” хөлөглөсөн залуус нэгдэж цугласнаас гадна, “Мон­голын чопперчдийн ахан дүүсийн холбоо”-ны 20 гаруй мотоциклчид хүрэлцэн ирж баяр хүргэн парадад нэгдэж байлаа. Уг арга хэмжээ Ул­сын драмын эрдмийн теат­рын үүдэнд цугласан мотоциклчид этгээд чамин хар савхин хүрэм, хүчирхэг хөлөлгүүрийн нүргэлсэн дуугаар их хотын нүргээнд дуу хоолой нэмсээр пара­даа эхэлсэн юм. Олон мотоцик­лийн хүнгэнэх дуу нэгэн зэрэг гарч парад эхэлсэн бөгөөд эхний зогсоол нь Үндэс­­­ний цэцэрлэг хүрээлэн байсан юм.

Учир нь энэ газарт өнгөрсөн жил тус холбооныхон мод тарьсан бөгөөд түүнийгээ очиж эр­гэж буй аж. Хэсэг газарт тэдний тарьсан мод ургах бөгөөд нар өөд улам өндөрт гарахаар тэмүүлсээр байгаа юм байна. Мотоциклчид маань өөрсдийн тарьсан модоо ургаж байгааг харчи­хаад цааш хөдөлж эзэн Чингисийн талбай буюу бидний хэлж заншсанаар Сүхбаата­рын талбайд ирлээ. Уг газарт дурсга­лын зургаа татуулсан нь энэ.  Чамин хийц, этгээд хэлбэртэй гоёмсог мото­цикл, хар савхин хүрэм түрийтэй гутлаар гангарсан мотоциклчдийг харсан хүү­хэд залуус тэднийг ихэд сонир­хож, зарим нь хамт зур­гаа авахуулж байсан юм.

Уг арга хэмжээний үеэр тус холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүхтэй 

цөөн хором ярилцлаа. 

 -Өнөөдрийн арга хэм­жээний талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Өнөөдөр Харли Дэвидсон гэгч энэ гайхалтай унаа үйлдвэрлэгдсэний 110 жи­лийн ой, Монголд анх орж ирж монгол хүний унаа болсон 90 жилийн ойн баяр тохиож байна. Энэ нь нэг талаараа дэлхийн түүх, бас Монголын түүх юм гэж хэлж болно. Анх 1903 онд ах дүү дөрөв нийлж анхны Харли Дэвидсон мотоциклийг үйл­двэрлэж гаргаснаас хойш дэлхийн олон оронд мянга мянган мотоцикл сонирхогч залуус энэ унааг сонирхож, дурлан унаж ирсэн түүхтэй. Энэ дэлхийн түүхээс монголын түүх ч бас хоцроогүй. Анх 1923 онд манай нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, Ардын на­мын анхны дарга Солийн данзан гэх хүн АНУ-ын худал­даачин Колеман гэдэг хүнээс энэ мотоциклийн худал­даж аван, тэмээнд хөлөглөн авч ирээд нийслэл хүрээнд оруулж ирэн унаж хэрэглэж байсан түүхтэй. Энэ мотоцикл Монголд орж ирээд монгол хүн унаж хэрэглээд явж байхад хуучин ЗХУ буюу одоогийн ОХУ-д ч энэ мотоцикл орж ирээгүй байсан түүхтэй. Ер нь Азидаа нэлээд эрт бараг анхных шахуу орж ирсэн юм болов уу. Энэ мотоцикл маань өөрөө эрх чөлөө, эрч хүч, төгс төгөлдөрийн билгэ­дэл болдог учраас дэл­хийн сая сая хүмүүс өдөр тутмын аж амьдралдаа хэрэг­лэж, түүнээсээ эрч хүч, баяр баяслыг мэдэрдэг юм.

– Таны хувьд хэзээнээс мотоцикль сонирхож, унаж эхэлсэн бэ. Өөрийнхөө унааг бас танилцуулаач?

-Минй хувьд хүүхэд бай­хаасаа л  мотоцикль со­нирх­дог байсан. Том ах маань уралдааны мотоцикль сонирхдог байсан болоод ч тэр үү би ч мотоцикльд их хорхойтой. Боломж л гарвал мото­цикль унаж сэтгэлээ сэр­гээхийг боддог. Гэхдээ би өөрөө улстөрч хүн болохоор тэр болгон мотоцикль унаад яваад байж бол­дог­гүй зовлон бас бий. Зав зайгаас авахуулаад тэр бүр хоббигоо хөгжүүлээд байж чаддаггүй байсан юм. Харин өнгөрсөн жилээс эхлээд ер нь харли сонирхогчдийн холбоо байгуулья гэж бодоод удирдах зөвлөлийн гишүүдээ сонгож хуралдуулаад холбоогоо бай­­гуул­сан. Одоо ингээд холбооныхоо залуустай хамт хүсэл сонирхлоороо нэг­дээд явах сайхан байна. Мотоциклийг маань Патбой гэдэг. Манайхан бол Терми­натор киноны нэг­дүгээр ангид гардгаар нь сайн мэддэг. Их хүчтэй хөдөлгүүртэй.  Моторын багтаамжийн хувьд 1800-тай. “Хюндай Эксел” машиных л гэхэд 1300-тай байдаг шүү дээ. Тэгэхээр хэчнээн чадалтай нь харагдаж байгаа биз. Минийхээс гадна манай холбооны залуусын гайхал­тай олон хүлгүүд энүүгээр байна. Сайхан харагдаж бай­гаа биз дээ.

-Танай холбоо анх хэ­зээ, хэдэн гишүүнтэйгээр байгуулагдаж байсан бэ?

-Өнгөрсөн жилийн дө­рөв­­­дүгээр сард анх байгуу­лагдаж байсан. Ер нь ма­найд Харли сонирхдог олон залуус байгаа. Эдгээр залуус сонирхол, хоббигоороо эвлэлдэн нэгдэж, холбоо байгуулснаар энэхүү мото­цик­­­лийг сонирхогч залуусын тоо ч улам нэмэгдэнэ гэсэн үг.  Хүсэн хүлээж байсан холбоо бий болсон юм болов уу гэж боддог. Манай холбоо анх байгуулагдаж байх үед ердөө зургаахан Харли мото­циклтой хүн байсан бол одоо 20 гаруй болсон байна. Гэхдээ энэ зөвхөн өнөөдрийн арга хэмжээнд ир­сэн мотоциклчдын тоо. Үүнээс ч олон хар­литай залуус манайд байгаа. Дэлхийн зах зээлд Харли Дэвидсон 17.000-80.000 ам.долларын үнэтэй зарагддаг. Загвараасаа шалт­гаалаад тоноглол нь хүртэл нэлээд үнэ, ханш өндөртэй. Гэсэн ч  Харли-Дэвид­соны  чимээ, хүчин ча­дал нь  манай чоппер сонир­хогчдын  анхаарлыг татаж, өөртөө Дурлуулсаар байгаа. Тэр ч утгаараа манай холбоо цаашид улам өргөжин тэлж Азидаа тэргүүн эгнээнд орох өдөр ирэх байх гэж бодоод л билгэшээгээд байгаа.

ugluunii_sonin

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …