БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /Тика/-ийн Улаанбаатар хот дахь зохицуулалтын газраас мэргэжлийн хяналтын байгууллагын Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ажлын байрны нөхцлийг сайжруулах, малын халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор зөөврийн ажлын байр, тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө.
Уг арга хэмжээнд МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, БНТУ-аас Монголд суух Бүрэн эрхэт Элчин сайд М.Ахмет Язал,ТИКА-гийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйя болон бусад албаныхан оролцов.
Хөдөө орон нутагт малын гоц халдварт шүлхий, хонины цэцэг өвчин гарч мал, амьтны шилжилт хөдөлгөөн, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр дамжин Нийслэл хотод өвчний халдвар тархах, хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд болзошгүй эрсдэл үүсэх магадлал өндөр байдаг. Одоогийн авто тээврийн товчоод нь албан ажлын хэрэгцээ, олон улсын шаардлагад хангасан явуулын ажлын байргүй, дулаан хувцас тоног төхөөрөмж, зөрчилтэй тээврийн хэрэгслийг саатуулах хашаа, камер, хөдөлгөөнт зөөврийн байргүй, газар дээр нь шинжилгээ хийх боломж нөхцөл байхгүй.
Харин уг төсөл хэрэгжсэнээр ажлын байрны орчин нөхцөл сайжирч, 24 цагийн хяналт шалгалтыг чанартай хийж гүйцэтгэх, нийслэл рүү хөдөө орон нутгаас мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд халдварт өвчин тархах эрсдлийг бууруулах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Мөн мал амьтны шилжилт хөдөлгөөн, хорио цээрт бүсээс ирсэн мал, амьтан, бусад зөрчилтэй тээврийн хэрэгсэл саатуулагдсан тохиолдолд газар дээр нь очин байрлаж, хяналт тавин ажиллах нөхцөл бүрдэнэ.