Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой тавдугаар сарын 8-ны өдөр тохиож байгаа юм. Энэхүү өдөр хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагааг 11:00 цагт зохион байгуулна.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Улсын их хурал, Засгийн газар, Нийслэлийн удирдлагууд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Дүүргүүдийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтэн ажилтанууд, хүүхдийн байгууллагын үе үеийн ахмадууд, хүүхдийн хөгжил оролцооны байгууллагууд, хүүхдийн төлөөлөл оролцоно.
Хүүхдийн байгууллага нь Монгол Улс тусгаар тогтнолоо олсон цаг мөчийн дараахан буюу 1925 онд санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй юм.
Энэхүү холбоо нь шинэ үеийн зохиолч Д.Нацагдоржоор удирдуулж, “Бүхний олон багачууд” дууг эгшиглүүлэн мянга мянган хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулахад ихэд анхааран ажилладаг байжээ.
Монголын хүүхдийн байгууллага нь,
– 1925-1940 онуудад Монголын пионерийн байгууллагын төв товчоо
– 1940-1949 онд МХЗЭ-ийн төв хорооны сургууль-пионерийн байгууллагын төв зөвлөл
– 1991 оноос Монголын Хүүхдийн төлөө Үндэсний газар
– 2016 оноос Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэртэйгээр хүүхдийн байгууллага өргөжин тэлсэн түүхтэй гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.