Дөрвөн улиралд ажиллах боломжтой хүлэмж байгуулах талаар санал солилцлоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Их Британи Улсын “Ай Эм Пауэр” компаний гүйцэтгэх захирал Гордон Дикиг /2017.05.17/ хүлээн авч уулзлаа.  Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд  П.Сэргэлэн “Шивээ-Овоо”-гийн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станц байгуулах, Чойр дахь цахилгаан дамжуулах шугамыг шинэчлэх чухал төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа тус компанийн удирдлагад хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад нь гүн талархал илэрхийлэв. Мөн хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд салбарын сайдын хувьд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлээд  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шинэ бүтэц, зохион байгуулалт, мөрийн хөтөлбөрийн талаар товч танилцуулсан юм.

Уулзалтын үеэр талууд Шивээ овоогийн ордыг түшиглэсэн цахилгаан станцын эрчим хүчний хангалтаас гадна үйлдвэрлэлийн явцад үүсэх хаягдал дулааныг ашиглан үйлдвэрийн дэргэд жилийн 4 улиралд ажиллах боломжтой өвөл зуны хүлэмж барьж байгуулах, дагалдах цэвэрлэх, сав баглаа боодлын цехийг хоршин байгуулах талаар хоёр тал санал солилцлоо.

Энэхүү хүлэмжийг байгуулснаар 7 хоногт 500 кг хүнсний ногоог хураан авч  тус бүс нутгийн ард иргэдийн хүнсний ногооны хэрэгцээг бүрэн  хангахаас гадна Улаанбаатар хотын иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх боломжтой юм. Мөн 30 гаруй ажлын байрыг шинээ бий болгох боломжтой гэдгийг “Ай Эм Пауэр” компаний гүйцэтгэх захирал Гордон Дики хэлж байв. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ноён Гордон Дикигийн энэхүү саналыг дэмжин цаашид дэлхийд аж үйлдвэржсэн анхны улс орнуудын нэг болох Их Британи улстай уг салбарт хамтран ажиллах бүрэн нөөц бололцоо байгааг онцлон хэлэв.

Эх сурвалж:ХХААХҮЯ

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …