Монгол улсад сүүлийн 10 гаруй жил уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүч зэрэг эдийн засгийн салбар харьцангуй хурдацтай хөгжиж байна. Үүнийг дагаад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийг 1997 оноос тасралтгүй хэрэгжүүлж ирсэн. Мөн ХАБЭА-н тухай хуульд 2015 онд нэмэлт өөрчлөлт орсноор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад салбарын яамд, бүх шатны Засаг дарга нарыг үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтаны орон тоог нэмэгдүүлэх, ерөнхий захиалагч, гүйцэтгэгч туслан гүйцэтгэгч компаниуд нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг тусгайлан гэрээгээр зохицуулах, аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлын хувь хэмжээг нэмэгдүүлэх, зэрэг тодорхой заалтуудыг хуульчилж өгсөнөөрөө онцлогтой юм.
Энэ онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл мэндийн төвийн 50 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбоотойгоор ХАБЭМТөвөөс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр олон арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд ажиллахыг хөдөлмөр эрхэлж буй иргэдэд уриалж, тэдний ХАБ-ын талаарх мэдлэгт хувь нэмэр оруулахад гол анхаарлаа хандуулж байгаа юм.
Тиймээс ХАБЭМТөвөөс “Яг түүн шиг-2” шоуны ялагч жүжигчин Т.Бархүүтэй хамтарч үйлвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин ажиллахыг олон нийтэд уриалж байна. Жүжигчин Т.Бархүү мөн адил нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ХАБЭМТөөс тавьсан саналыг сайшаалтайгаар хүлээн авсан нь хамтарч ажиллахад түлхэц боллоо.
Түүнийг тус төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газрын дарга Г.Нямдэжид, Сургалт, судалгаа мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга У.Баттулга нар хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн олон нийтэд хүргэх талаар санал солилцсон юм.
Эх сурвалж:ХАБЭМТ