-Зохиолч Моника Бирний баталж буйгаар АНУ-ын тэргүүн хатагтай нөхөртэйгөө дотно байхаа болиод удаж буй бөгөөд Дональдыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялаагүй бол салах гэж байсан аж-
Дональд Трамп болон түүний үзэсгэлэнт гэргий хоёр хоорондоо тун таарамжгүй тухай цуу яриа Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр л чих дэлсэж байсан юм. Дараа нь тэрбээр нөхөртэйгөө хамт Цагаан ордонд амьдрахгүй гэх яриа хөвөрч, “зочин гэр бүл”-ийн хэмжээнд байдал хурцдан дуулиан тарьсан билээ. Тэрбээр хүү Бэрроноо сургуулиас нь гаргахгүй гэсэндээ Нью-Йоркт Трамп цамхгийн тансаг пентхаустаа үлдээхээр болсон. Ингээд нөхөр нь амралтын өдрүүдэд нисэж очиж байхаар төлөвлөсөн аж.
Гэтэл саяхан Трамп гадаадын орнуудад албан ёсны айлчлал хийх үеэр тэргүүн хатагтай нөхөртэйгөө хэр хүйтэн хөндий харьцаатай байдаг нь ил болсон билээ. Меланиягийн хувьд онгоцноос буух тоолондоо нөхөртэйгөө хөтлөлцөхгүй гараа бултуулж байсан нь олны анхаарлыг их татсан. Үүнээс болж хэвлэлүүдэд “Трампын гэр бүл нуран унаж байна” гэсэн гарчигтай нийтлэлүүд гарч эхэлсэн байна. Тэгвэл өдгөө гал дээр тос нэмсэн нэгэн мэдээллийг Нью-Йоркийн зохиолч Моника Бирн олонд зарлалаа.
Түүний хэлснээр Мелания нөхөртөө үнэнч бус бөгөөд олон жилийн турш хамгаалагчтайгаа түүнийг араар нь тавьж байгаа гэнэ. Твиттерээр тараасан энэхүү жиргээ нийгмийн сүлжээнд газар аваад байгаа аж. Моника олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Мелания олон жилийн турш Дональдыг “Tiffanу&Со” гоёл чимэглэлийн компанийн аюулгүйн албаны тэргүүнтэй араар нь тавьж байгаа. Тус компани нь Трамп-тауэр цамхагт байрладаг” хэмээн жиргэжээ.
Барууны хэвлэлийн сэтгүүлчид ч энэ мэдээллийг өлгөн авч, өөр өөрсдийн гэсэн дүгнэлтийг гаргасан байна.Тухайлбал, Мелания Нью-Йоркоос явахыг хүсдэггүй нь дурлалт залуугаасаа салахыг хүсээгүйтэй холбоотой юм байна гэжээ. Зохиолч бүсгүй тэр ч бүү хэл Твиттертээ Меланиягийн амраг гэх залуугийн зургийг нийтэлсэн байна. Түүнийг Хенри буюу товчилсон нэрээр Хэнг Сьемерс гэж дууддаг. Зураг дээрээс харахад тэр бадриун бие хаатай тун ч царайлаг залуу аж.
Моника Бирн “Мелания, Дональд хоёр ийм зөвшилцөл хийсэн. Хэрвээ тэр сонгуульд ялагдвал Меланияг өөрөөс нь салахыг хүлээн зөвшөөрнө гэжээ. Гэвч тэр сонгуульд ялсан. Тэгэхээр тэд шинэ гэрээ байгуулахаас өөр аргагүй болсон Ингээд Мелания түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд гэр бүлийнх нь хүн хэвээр байхаар болсон” гэжээ.
Өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр Цагаан ордны ажилтан асан Клод Тейлор ч иймэрхүү мэдээллийг Твиттер хуудсаараа цацаж байсан юм. “Ерөнхийлөгчийн гурван ч сонгуулийн ахмад дайчин (өөрийгөө тэгж нэрлэжээ), Клинтоны засаг захиргааны үеэс л Цагаан ордонд ажилласан Ардчилсан намын төлөөлөгч миний бие өөрийн блогоороо дамжуулан мэдээлэхэд Мелания ба Дональд Трамп нар Ерөнхийлөгчийн сонгуулиас ч өмнө салах тухай гэрээ байгуулж байжээ.
Тэгвэл одоо тэд салах цагаа хүлээж байна” хэмээн мэдэгджээ. Тейлорын энэхүү мэдэгдэл олон нийтийн сүлжээ төдийгүй сайтуудад ч нэлээд их шуугиан тарьсан юм. Мелания Трампын хэвлэлийн албаны тэргүүн Стефани Гришем энэ мэдээлэлтэй холбогдуулан “Энэ бүгд огт худал” гэсэн мэдэгдэл хийхэд хүрчээ.
Тэргүүн хатагтайн хэвлэлийн албанаас дээрх мэдэгдлийг хийж байгаа ч хэвлэлээр Меланиягийн нууц амрагийн тухай яриа, түүний тухай мэдээлэл хүчээ авсаар байна. “Тиффани” гоёл чимэглэлийн дэлгүүрийн аюулгүйн албаны тэргүүн Хэнк Сьемерс нь Нью-Йоркийн Гэгээн Жоны их сургуулийг дүүргэсэн бөгөөд Нью-Йоркт хотод аж төрдөг. Хамгийн гол нь тэрбээр албан ёсоор гэрлэсэн аж.
Э. Мөнхзаяа
Эх сурвалж: “Өглөөний сонин”