“Говь ХХК”-т гарсан гал түймэр унтраах үйл ажиллагааг газар дээр нь мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна

Үйлдвэрийн зориулалттай тус байгууламж нь 1981 онд баригдсан 2 давхар төмөр бетон хана, тулгуур баганатай, тэнхлэгээрээ урт нь 198 м, өргөн нь 126 м, эргэн тойрондоо авралтын 9 гарцтай.

2017 оны 06 дугаар сарны 14-ний өдрийн 20 цаг 39 минутанд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Говь ХХК”-ний хашаанд үйлдвэрийн барилга шатаж байна гэсэн дуудлагын дагуу үйлчлэх хүрээний Гал түймэр унтраах, аврах ангийг гаргасан. Гал түймэр гарсан обьектын дээврийн хэсэг нь төмөр бетонон дээвэртэй, дээгүүр нь 30 см орчим зузаантай шилэн хөвөн, хөөсөнцрөөр дулаалж, модоор давхарлан, 6-7 давхар хар цаасан хучлагтай байсан нь гал тархан дэлгэрэх болон шатлага эрчимтэй явагдаж, унтраах үйл ажиллагаанд хүндрэл учирч байсан тул нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах ангиудыг нэмэлтээр гаргасан.

Шаардагдах хүч хэрэгслийг яаралтай төвлөрүүлж, гал түймэр унтраах штаб байгуулан тархалтыг зогсоох арга хэмжээг авахын тулд гал түймэр унтраах хэсгүүдийг тус обьектын зүүн талд 2, хойд талд 1, баруун талд 2-ыг тус тус байгуулан ажиллаж байна.

Онцгой байдлын байгууллагын гал түймэр унтраах аврах 11 ангийн 19 тасаг гал унтраах зориулалтын 31 автомашин, 158 алба хаагч, Ус сувгийн удирдах газраас 12, нийслэлийн хот тохижилт үйлчилгээний газраас 8, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 18, цагдаагийн байгууллагаас бүрдсэн нийт 200 гаруй хүн ажиллаж байна.

Гал түймэр унтраах бодис их хэмжээгээр шаардлагатай байсан тул Ус сувгийн удирдах газраас 5 тн-ы багтаамжтай ус тээвэрлэгч 11, хот тохижилтын газраас 7 тн-ы багтаамжтай ус тээвэрлэгч 6, Улаанбаатар төмөр замаас 68 тн усны савтай вагонцистерн зэргийг хүч нэмэгдүүлэн ажиллуулж байна.

Гал түймэр унтраах автомашиныг сэлгэн байрлуулах боломж хязгаарлагдмал, галын тархалт маш эрчимтэй явагдсан, галын ачаалал 200 кг, түүнээс дээш, олон давхарлагдаж зузаарсан хар цаасанд задаргаа хийхэд хүндрэлтэй, нягт ихтэй хорт хий, утаа их хэмжээгээр ялгарсан, өндөр даралтын улмаас гал унтраах даралтын хоолой цоорох зэрэг нь гал унтраах  үйл ажиллагааг хүндрүүлж байна. Гал унтраах үйл ажиллагааг зохион байгуулахад тус обьектод галын гадна гидрант ажиллахгүй, гал түймрийн шаталт маш эрчимтэй явагдаж дулааны үйлчлэл өндөр байснаас усны хүрэлцээ гал түймрийн голомтонд хүрэлцэхгүй, ус зөөвөрлөх автомашинаар олон удаа зөөвөрлөн усаар тасалдах хүндрэл гарч байсан.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурнадаа С.Залуухүү болон ГУХ-ийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаяр, дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар нараар ахлуулсан бүрэлдэхүүн гал түймэр унтраах үйл ажиллагааг газар дээр нь мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …