БОАЖЯ, ОБЕГ, Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр Монгол Улсын Шадар сайдад ой, хээрийн түймрийн нөхцөл байдал болоод цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Хуралдааны эхэнд ОБЕГ-ын ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү “Говь” ХХК-д гарсан гал түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр, тус үйлдвэрийн дээврийн нэмэлтээр хийсэн модон мансардны хэсэг галд шатсан. Харин үйлдвэрийн барилгын үндсэн бүтээцэд гал ороогүй. Ер нь дээврийн хэсгээс үйлдвэрийн барилгын үндсэн бүтээцэд гал оруулахгүй байхыг чухалчилж ажилласан. Тийм ч учраас барилгын үндсэн бүтээцэд гал оруулалгүй, техник, тоног төхөөрөмжийг хамгаалан ажиллаж чадлаа. Дээврийн хэсгийн галыг унтраахад олон давхарлагдаж зузаарсан хар цаасанд задаргаа хийхэд хүндрэлтэй, хорт хий, утаа их хэмжээгээр ялгарч байсан гэж тодотгов.
Мөн ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2 түймэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт суманд тус бүр 1 түймэр, Булган аймаг Тэшиг суманд 1 түймэр, нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт 1, Хан-Уул дүүрэгт 2 нийт улсын хэмжээнд нийт 9 түймэр байна. Эдгээр түймрээс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нэг, Улаанбаатар хотод гарсан гурван түймрийг цурманд оруулаад байгаа юм.
Энэ үеэр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд асч байгаа түймэрт цэргийн албан хаагчдыг дайчлах хүсэлтийг хурандаа С.Залуухүү Шадар сайдад уламжиллаа.