Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр ажиллалаа. Тус дүүрэгт ид бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Харин тус замыг хатуу хучилттай болгохын тулд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар нар болон Зам тээвэр хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ажилласан байна. Энэхүү хатуу хучилттай 3.5 км зам Баруунсалааны “Тэс петролиум” шатахуун түгээх станцаас шинээр барьсан далан хүртэлх талбайг хамрах юм. Замын гүйцэтгэгчээр нь “Төгсзам” ХХК, “Саруул харгуй” ХХК, Зам тээврийн хөгжлийн төвийнхөн ажиллажээ. Энэхүү зам ашиглалтад орсноор “Мон лаа-гийн айл өрхүүдэд ихээхэн чухал гэдгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн энэ үеэр онцлон хэлж байв.
Энэ жилийн хувьд Улаанбаатар хотод нийт 3500 метр урттай гүүр, 60 гаруй км замын ажил хийхээр төлөвлөөд байгаа аж. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээс тодруулахад, “Өнөөдөр зөвхөн Сонгиохайрхан дүүрэг гэлтгүй бүх дүүргүүдэд бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Үүнээс гүүрэн байгууламжийн ажил гэвэл Сонгино, Яармагийн гүүр, Замын цагдаагийн урд талын давхар гүүр, Баянзүрх дүүргийн гүүрийн ажлууд эхэлсэн. Авто замын хувьд Баянзүрхээс Налайх хүртэл 20.9 км замын ажлыг эхлүүлээд байгаа. Сонгинохайрхан дүүргийн хувьд 3, 4 дүгээр хорооллын эцсээс шууд Толгойт хүртэлх 2.8 км замын ажил эхэлсэн. Энэхүү зам ашиглалтад орсноор нэгдүгээр хорооллын арын замын ачааллаас хуваалцах боломжтой болно. Мөн Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын дундах замыг хатуу хучилттай болгохоор бэлтгэл ажлаа хийж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд авто замын зургийг хийж байгаа бөгөөд Сонгинохайрхан дүүргийн хувьд 32 хороотой. Үүний 60 хувь нь авто замын төсөл зурганд хамрагдсан. Ирэх жилээс төсөл зураг нь гарсан авто замуудыг шинээр тавина. Цаашдаа нийслэл хотыг дэд бүтэцжүүлэх бодлого баримталж ажиллана. Үүнд, алслагдсан гэр хороолллын бүсэд инженерийн шугам хүрэлцэхгүй байгаа газруудыг хэсэгчилсэн инженерийн байгууламжтай болгож гэр хорооллыг төвлөрсөн дулааны шугамтай болгох юм” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.