Хойд Солонгос нь Хятадын нүүрсний импортын томоохон нийлүүлэгч орон байсан бөгөөд Хятад Улс олон улсын шахалтаар удаа дараа пуужингийн туршилт хийж буй Хойд Солонгос Улсаас ийнхүү нүүрс импортлохоо зогсоожээ. Ямартай ч, Хойд Солонгос Улсаас үүссэн томоохон орон зайг Монгол Улс нөхөж байна. Нөгөө талаас Монгол Улс экспортынхоо ихэнх хувийг урд хөршдөө нийлүүлдэг, Хятад Улс Монгол Улсын байгалийн баялгийн гол худалдан авагч билээ.
Сонирхуулахад, энэ оны эхний таван сард Монгол Улсын нүүрсний экспортоос олсон орлого 1.01 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрөгч оны мөн үеийнхээс 4.6 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Мөн экспортын өсөлтөөс хамаарч гадаад худалдааны тэнцэл 69.5 хувьд хүрч нэмэгдсэн талаар Статистикийн хорооноос мэдээлэв.
Тэгвэл Хятад Улсын Гаалийн албаныхны хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд Монгол Улс энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Хятад Улсын хүрэн нүүрсний хоёр дахь нийлүүлэгч орон болсон тухай дурджээ. Тодруулбал, Монгол Улс энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Хятад Улсад 11.7 сая тонн хүрэн нүүрс нийлүүлсэн байна. Энэ нь өнгөрөгч оны мөн үеийнхээс 2.5 дахин нэмэгдсэн хэмжээ аж.
Монгол Улс өнгөрөгч дөрөвдүгээр сард урд хөршдөө нэг тонн нүүрсийг дунджаар 66 ам.доллараар худалдаалж байсан бөгөөд энэ нь 2016 оны дөрөвдүгээр сарын үнээс хоёр дахин өндөр үнэ аж. Гэхдээ л Монгол Улс тонн тутмыг нь 122 ам.доллараар худалдаалж буй Австрали Улсаас доогуур үнээр Хятад Улсад түүхий эдээ нийлүүлсээр байна.
Дашрамд дурдахад, энэ оны эхний таван сарын байдлаар Монгол Улсын өнгөт металлын экспорт, түүний дотор зэсийн экспортоос олсон орлого 41.3 сая ам.долларт хүрч нэмэгджээ. Харин нийт экспортын орлого 2.5 тэрбум ам.долларт хүрч 42 хувиар нэмэгдсэн байна.
Төгс