Д.Өлзийбаяр:08:50 цагийн байдлаар ирц 9.4 хувьтай явагдаж байна

Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн   дахин санал  хураалт өглөөний 07:00 цагаас  албан ёсоор эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит 7 дахь удаагийн сонгуульд нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум дүүргийн 339 сонгуулийн хороо 1983 хэсгийн санал авах байр ажиллаж байгаа юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн нэрсийн жагсаалтад 1 сая 978 мянга 298 мянган сонгогч бүртгэгджээ.

Өглөөний 08:50 цагийн байдлаар Нийслэлийн  Баянзүрх дүүргийн  27 дугаар хорооны 1740 дугаар хэсгийн ахлах зохион байгуулагч Д.Өлзийбаяраас цаг үеийн мэдээлэл авлаа.

 Танай хэсэг дээр сонгуулийн насны нийт хэдэн хүн саналаа өгөх вэ?

– Манай хэсэг дээр санал өгөхөөр 1272 хүн  бүртгүүлсэн байна.

 08:50 цагийн байдлаар ирц хэдэн хувьтай явж байна. Нийт хэдэн хүн саналаа өгсөн байна вэ?

– Одоогоор 08:50 цагийн байдлаар 114 иргэн саналаа өгчээ. Сонгуулийн ирц 9.4 хувьтай явж байна. Энэ жилийн сонгуульд иргэд идэвхтэй саналаа өгч байна.

 Хэрэв танай 1740 хэсэг дээр орой 22:00 цагаас өмнө  ирц хүрэхгүй асуудал гарвал ямар арга хэмжээ авах вэ?

– Монгол Улсын тав дахь төрийн тэргүүнээ сонгох чухал хариуцлагатай энэ үед иргэн бүр үндсэн хуульд заасан үүргээ биелүүлж сонгуульдаа идэвхтэй өгөх байх гэдэгт итгэлтэй байна. Ирц хүрэлцэхгүй байх гэсэн асуудал гарахгүй байлгүй дээ.

– Өчигдөр зөөврийн хайрцагаар хэдэн хүнээс санал авсан бэ?         

– 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр буюу өчигдөр өөрийн биеэр саналаа өгч чадахгүй дөрвөн иргэнээс зөөврийн хайрцагаар санал авсан байгаа.

-Танай хэсэг нийт хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

-Долоон хүний бүрэлдэхүүнтэй. Ахлах зохион байгуулагч, нарийн бичиг, зохион байгуулагч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Намуудаас хэчнээн ажиглагч байгаа вэ?

-Ардчилсан намаас 4, Монгол ардын намаас 4,  нийт 8 ажиглагч ажиллаж байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

 

Г.Нараа

Санал болгох мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан  дөрөвдүгээр сарын 25-нд “Чингис хаан олон улсын нисэх …