Өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай явагдаж байна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 09 сарын 09-ний өдөр боллоо. Зөвлөгөөнөөр нийслэлийн  өвөлжилтийн бэлтгэл, зам засварын ажлын явц болон өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар  холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
“Улаанбаатар Дулааны шугам сүлжээ” ХК-ийн ерөнхий инженер Г.Алтангэрэл “Зуны засварын батлагдсан хуваарийн дагуу нийслэлийн төв магистраль шугамд нийт 9 зогсолт хийж, төв шугамуудыг дүүргэж, залгалаа. Зуны их засварыг 5.0 тэрбум төгрөгт багтаан, 3350.7 м шугамын шинэчлэлийг 23 цэгт хийж, 100% гүйцэтгэсэн. Харин 6Д, 2ГД магистралийн өргөтгөл шинэчлэлийн ажил  96 хувьтай байгаа. 09 сарын 15 гэхэд нийт айл өрхийг дулаанаар бүрэн хангана” гэлээ. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн захирал С.Төмөрхүү “Урсгал засвар, их засвар, компанийн техник, зохион байгуулалтын ажлын явц төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 85 хувийн явцтай байна.  Өвөлжилтийн бэлтгэл ажлыг 10-р сард бүрэн дуусгана” гэлээ. Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж “Улс, нийслэлийн төсөв, нийслэлийн Замын сан, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар нийт 88 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа. Эдгээрээс хэрэгжиж дууссан 4 зам, зорчих хэсгээ бүрэн нээсэн 15 зам, 1 гүүр,  ажил нь эхэлсэн  2 гүүр, 3 нүхэн гарц, ажил явагдаж байгаа 17 зам (3 ажил он дамжин хэрэгжинэ), тендер нь 2 удаа зарлагдаад хүчингүй болсон 1 зам, тендерийн явц  удаашралтай байгаа орон сууцны хороолол доторх 18 байршлын зам байна. Нийт ажлын явц 75 хувьтай байгаа” гэж мэдээллээ. Нийслэлийн Засаг дарга, дүүргүүд болон Хот тохижилтын газар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад хүндрэлтэй ямар асуудал байгаа талаар тодруулсан юм. “Дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажил 85 хувь хангагдсан ч Дани улсын хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөсөн “Цэвэрлэх байгууламж”-ийн асуудал хүндрэлтэй байгаа” гэж Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар хэллээ. Харин СБД-ийн 116, 25-р сургуулийн дулааны шугамын ажилд шаардагдах хөрөнгийг шийдвэрлүүлэхээр харъяа яаманд мэдэгдсэн ч шийдэгдээгүй байна. Тиймээс нийслэлээс энэ асуудалд анхаарал тавих шаардлагатай гэж  дүүргийн Засаг дарга Д.Бадарсан уламжиллаа. Нийслэлийн Хот тохижилтын газар энэ өвөл замын цас цэвэрлэх, халтиргаа гулгааг арилгахад зориулж, 120 гаруй хүн, 11 техник хэрэгсэл, 6 портер машин гаргахаар төлөвлөжээ.  Үндсэндээ нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байна.

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …