Сэтэрсэн автозамыг засч, тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчиж эхэлжээ

Энэ сарын 2-ны өдөр Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт аадар орж, үер буурсны улмаас Арвайхээр-Баянхонгор чиглэлийн автозамын Шаргын голын гүүрний шороон далан эвдэрч, автозам сэтэрсэн талаар бид мэдээлсэн. Дээрх автозамын эвдрэлийн мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газар 16:10 цагийн үед хүлээн авчээ.

Автозамыг засахаар “Өвөрхангай-АЗЗА” ТӨХК-ийн 4 ажилтан, орон нутгийн 3 иргэн, нийт 7 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллахдаа гүүрний хажуугаар түр гарам гарган, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй явуулж байсан аж. Одоогийн байдлаар засварын ажил дуусч, тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчиж байна.

Автозамын эвдрэлийн улмаас Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний хяналтын хэлтсээс хот хоорондын зорчигч тээврийн 16 автобусыг Баянхонгор суманд, 11 автобусыг Арвайхээр суманд түр саатуулан, нийт 27 тээврийн хэрэгсэл, 500 гаруй зорчигчийн аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны …