Н.Алтанхундага:Шингэн бага ууснаас болж бөөрний чулуу үүсдэг

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Монгол анагаах ухааны клиникийн эрхлэгч Н.Алтанхундагатай ярилцлаа.


-Ихэвчлэн ямар өвчнийг уламжлалт анагаах ухаанаар эмчлэх нь үр дүнтэй байгаа вэ. Мөн сүүлийн үед ямар өвчин зонхилж байна вэ?

-Сүүлийн үеийн ихэнх өвчлөл амьдралын буруу хэвшлээс болсон байдаг. Жишээлбэл, буруу суулт, буруу хооллолт, буруу хувцаслалт хүртэл олон төрлийн өвчин үүсгэж байгаа юм. Гар утас, компьютерийг хэт удаан ашигладаг, олон цагаар сууж ажилладаг, стресс бухимдалтай, хэт ачаалалтай ажилладаг зэрэг нь олон төрлийн өвчин үүсэх шалтгаан болж байна. Манай үйлчлүүлэгчдийн 60 гаруй хувь нь гэхэд л нурууны суулттай, шохойжилттой, үүнээс шалтгаалсан гар хөлийн мэдрэл дагасан өвдөлттэй байна. Ялангуяа өвдөгний үеэр өвддөг, хоол боловсруулах эрхтэн системийн архаг үрэвсэлтэй, зүрх өвдөж нойр муудсан, гэдэс дүүрдэг, хий ядаргаатай байх жишээний.

-Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөлүүдийг хэрхэн эмчлэх боломжтой вэ?

-Дээрх өвчлөлүүдийн үед хамгийн түрүүнд ажил амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаарт, нэгэнт үүссэн архаг өвчнөө зөв аргаар бүрэн эмчлүүлэх ёстой юм. Эрхтэн системийг хавсарсан архаг өвчтэй хүн өвчнөө байлаа гэхэд өвчилсөн бүх эрхтнээ зөв системээр цогцоор эмчлүүлэх нь зүйтэй. Хүзүү хөшөөд удахаар аажимдаа тархины цусан хангамжийг муутгадаг. Толгой өвдөнө, нүдний хараа муудна, чихний сонсгол муудна. Сүүлдээ хүзүү орчмоос салаалсан мэдрэл дагаж мөрний үе, гар уруугаа дамжиж өвддөг болно. Ихэвчлэн үүнийгээ зүрх, цөс өвдөж байна гэж андуурч цаг алдах явдал гардаг. Эмчлүүлээгүй нөхцөлд зүгээр болно гэж байхгүй шүү дээ. Ингээд хугацаа алдвал яс нь шохойжчихно, шохойжсон тохиолдолд нэлээд урт хугацааны эмчилгээ шаардлагатай болно.

-Сүүлийн үед бөөрний өвчлөл их залуужиж байх шиг. Бөөрний өвчлөлийн гол шалтгаан нь юу байна?

-Манай улсын хүн амын 60 орчим хувь нь бөөр болон шээс боловсруулах замын өвчлөлтэй гэх судалгаа бий. Тэдний ихэнх нь эмэгтэйчүүд бөгөөд бөөр нь өндгөвчний үрэвсэлтэй хавсарсан байх тохиолдол элбэг. Энэ нь мөн л амьдралын хэвшил, болон өмссөн хувцас идэж буй хоол хүнстэй холбоотой. Тухайлбал, хэт жижиг хувцас өмсч, ихэвчлэн бариу жинс, чийг татдаг гутал, пүүз зэрэг өмсдөгтэй ч холбоотой. Даарах нь бөөрний өвчний гол шалтгаан учир хувцаслалтандаа анхаарч байх хэрэгтэй байна. Мөн бэлэн бүтээгдэхүүн их хэрэглэхэд давс, элсэн чихрийн хэвийн харьцаа алдагдана. Хөдөлгөөний хомсдол, хэт таргалалт хүртэл бөөр өвчлөх шалтгаан болж байна. Суугаа ажил их хийж, удаан хугацаагаар машин барихад нурууны цусан хангамж алдагдаж бөөр болон шээсний замын өвчлөл үүснэ.

-Бөөр өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Нуруу эсвэл бөөр хэсгээр өвдсөн бол хамгийн түрүүнд цус болон шээсний шинжилгээ өгөх хэрэгтэй. Шинжилгээнд ямар нэгэн өөрчлөлт гараагүй байсан ч заавал хэвийн эход харуулах шаардлагатай шүү. Шинжилгээгээр харагдаагүй өөрчлөлт хэвлийн эход харахад нөлөөлсөн эсэх нь харагддаг. Тиймээс нарийн эход харуулах нь чухал.

-Бөөрний олон янзын өвчлөл байдаг. Манайд хамгийн түгээмэл тохиолддог ямар өвчлөл байна вэ. Бөөрний өвчний үед хэр их шингэн уух хэрэгтэй вэ?

-Бөөрний маш олон эмгэг байдаг. Манайд бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэлт өвчин түгээмэл байна. Энэ өвчлөл нь бөөрний өвчний 70-80 хувийг эзэлдэг. Бөөр нь хүн ямар нэгэн шингэн зүйл уухад хүний биед орж бөөрөөр дамжиж шээс боловсруулах үйл ажиллагаа явуулж илүүдэл шээсийг хүний биеэс гадагшлуулж байдаг үүрэгтэй. Энэ илүүдэл шээстэй цуг хүний биеэс хорт бодис гадагшилдаг. Ингэснээр хүний биеийн ус, давс, шингэний солилцоог зохицуулж өгдөг. Хэрвээ бөөрний тэвшинцэр гэмтвэл энэ үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. Бөөр тэвшинцэр, бөөрний цуллаг хэсэг буюу зөөлөн эд гэсэн хоёр хэсгээс бүтнэ. Манай улсад бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэлт өвчин түгээмэл байна. Энэ өвчлөл нь бөөрний өвчний 70-80 хувийг эзэлж байна. Насанд хүрсэн хүн цагт 300-400 мл шингэн ууж байх ёстой. Бидний идэж ууж байгаа зүйл их бага хэмжээгээр давстай байдаг.Эдгээр давс хүний биед солилцоонд орохдоо бөөрний тэвшинцэр дээр ирж тунаж үлддэг. Шингэн бага ууснаас болж бөөрний тэвшинцэр дээр тогтсон давс хуримтлагдаж томорсоор бөөрний чулууг үүсгэнэ. Бөөрний өвчин хүндэрвэл бөөрний үйл ажиллагаа зогсож, ажиллагаагүй болно.Бөөр ажиллагаагүй болно гэдэг хүний биеэс илүүдэл хортой бодис гадагшлахгүй, шээс нь хүний биеэр эргэлдэж эхэлдэг. Ингэхээр хүн шээсэндээ хордож бөөрний дутагдалд орно.

Н.Ганчимэг

ӨДРИЙН СОНИНЫ ДУГААРТ

dnn.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …