Сүсэгтэн олон та бүхэн доорхи 7 зүйлийн буян хураах аргыг анхааран сүм хийдэд эргэл мөргөл хийх, хурал ном айлтгуулан хуруулах, гэр орныхоо бурхан шүтээнд залбирал даатгал үйлдэхдээ мөрдлөг болгон ашиглахыг зөвлөж байна.
Юуны өмнө буян хийхэд зөв сэтгэлийн үүднээс хийх нь нэн чухал. Учир нь таны хийж буй аливаа ажлын үр дүн анхны сэтгэлээс шууд хамааралтай байдаг. Тухайлбал та хэн нэгнийг ялан дийлэх атаа хорсол өвөрлөх, алдар нэр, олз ашиг олох зэргээр амин хувийн ашиг сонирхолд баригдсан буруу бодлоор хэдий буян үйлдэвч нүгэл болох хуультай. Энэ нь муу сэтгэлээр хичнээн буян үйлдэвч нүгэл болно гэсэн санаа.
Харин бусдын сайн сайхны төлөө зорьсон зөв сэтгэлийн үүднээс буяны үйл өчүүхэн үйлдсэн ч цаглашгүй их буян хураадаг. Тиймээс зөв сэтгэл өвөрлөн аав ээж, ах дүү, төрөл төрөгсөд, нутаг ус, улс орныхоо сайн сайхны төлөө, цаашилбал даян дэлхийн энх амгалангийн төлөө хэмээн бодож буян номоо үйлдвэл нэн сайн. Ингээд буян үйлдэх долоон аргыг нэг бүрчилэн өгүүлье.
1. Мөргөл, хүндэтгэл
Багш гурван эрдэнэ, хурал номын газар ирж буй хүний эхлэн хийх зүйл бол мөргөл юм. Мөргөл бол бие, хэл, сэтгэлийн хүндэтгэл билээ. Та нарийн зан үйлийг нь сайн мэдэхгүй бол аль зохистой байдлаар хүндэтгэлтэй хандахад л болно. Дуган сүмд орж мөргөл үйлдэхдээ доорхи зүйлсийг анхаарна уу. Үүнд:
• Та дуган сүмд орохоос өмнө малгайгаа авсан байхаа мартуузай.
• Дуганд орохдоо бурханы орд харшид орж байна хэмээн төсөөлөн бодоод үүдэн хэсэгт түр зогсоод нийт шүтээн болон лам хуврагууд өөд хандан залбирч мэхийн хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй. Хэрвээ мөргөх бололцоотой бол та гурвантаа мөргөвөл нэн сайн.
• Та дуганыг нар зөв тойрон эргэнгээ шүтээн тус бүр болон гол шүтээнд залбиран ажил үйлсээ даатгаж адис авч болно.
• Та дуганаас гарах үедээ бурхан шүтээн, лам хуврагууд өөд харан залбирч, бие, хэл, сэтгэл ариусаж, ирээдүй хойтдоо гэгээрэлд хүрэн бурхан бовьсадваа нарын гэгээн дүртэй учрахын ерөөл талбин хүндэтгэл үзүүлээд ухарч гардаг уламжлалыг дээдлээрэй.
2. Тахил өргөх
Тахил өргөх маш олон зүйлийн арга, зан үйлүүд байдаг. Тэдгээр зан үйлсээс доор дурьдах 3 зүйл нэн чухал тул та анхааран болгооно уу.
• Тахил өргөх орноо зөв сонгох. Үүнд багш гурван эрдэнэ, эрдэмтэн мэргэд, тэнгэр лус, орон хангай, өтгөс буурлууд.
• Тахил өргөх эд зүйлсээ зөв сонгох. Таны буян хийх, хурал ном айлтгуулахаар өргөж буй хөрөнгө мөнгө, эд зүйлсүүд зөв зам, шударга ариун хөдөлмөрөөрөө олж эзэмшиж буй зүйл л бол та юугаа ч өргөж болно. Түгээмэл өргөдөг эд зүйлсээс дурьдвал: Хадаг, мөнгө, цэцэг, зул, хүж, номын дээл, жимс жимсгэнэ, идээ ундааны дээж, сайхан дуу хөгжим гэх мэт. Та эдгээр зүйлсээс сонгон авчирч болох ба мөн сэтгэлээрээ хувилган өргөж болно.
• Тахил болгон өргөхөөр авчирсан эд зүйлсээ гол шүтээний өмнөх тахилын ширээн дээр болон тахилч ламаас зөвөлгөө авч түүний туслажтайгаар өргөөрэй.
3. Наманчилан залбирах
Та лам 3 эрдэнэ, бурхан шүтээний дэргэд өөрийн үйлдсэн аливаа хилэнц нүгэл, буруу үйлдэл бүхнээ чин сэтгэлээсээ наминчлан залбирч миний хийж буй буяны үйлээр энэ бүгд ариусах болтугай гэж бодоорой. Мөн бие, хэл, сэтгэлээр үйлдсэн аливаа хилэнц нүглээ нэг бүрчилэн дурьдан санаад хийсэн алдаа дутагдлдаа жигсэн зэвүүцэж гүнээ гэмшин наминчлах хэрэгтэй. Түүний зэрэгцээ хойшид энэ мэт буруу зүйл хэзээ ч хийхгүй гэж өөртөө хатуу тангарагла. Ийнхүү дахин дахин бодож залбираад “Миний үйлдсэн хилэнц нүгэл бүхнийг арилгаж өгнө үү” хэмээн гуйн бясалгахын хамтаар мэддэг тарниа, эсвэл “УМ БАЗАР САДУ А ХУМ ПАД” гэдэг тарнийг унших ба эсвэл сайтар наминчилан залбирна. Чингэж та хэр сайн сүсэглэж чадна тэр чинээгээр нүгэл хилэнц маш их нимгэрдэг номтой.
4. Даган баясах
Бусдын хийсэн, хийж буй, хийхээр төлөвлөж байгаа сайн үйлс, буян номыг сэтгэл санаагаар дэмжихийг даган баясах гэдэг. Ийнхүү бусдын сайн үйлсийг сэтгэл санаагаар дэмжин урам хайрлах, бололцооныхоо хэрээр эд зүйлсээр дэмжилгэ үзүүлбэл тухайн хүний хийж буй буяныг адилхан хураагаад зогсохгүй санаанд оромгүй их ач тус, буян хишгийг дагуулдаг хэмээн судар номонд сайшаан бичсэн байдаг. Товчхондоо нэг их төвөггүйгээр хязгааргүй их буян хураадаг арга бол бусдын буянд даган баясах явдал юм. Иймээс та сүм хийд, буяны номын газарт мөргөл хийх хугацаандаа буян номын үйлст даган баясаж өргөл хандив өргөх, хамгийн гол нь бусдын хийж буй сайн үйлсийг дэмждэг тэр сайхан сэтгэлийг өөртөө бий болгож аваарай. Мөн өөрийн үзэж, дуулсан буяны үйлсүүдийг дотроо эргэн санаж “тэгж буян хийж чадаж байгаа нь мөн сайхан хэрэг ээ” , “ …тэр өдөр болгон тасралтгүй 108 мөргөдөг гэсэн. Тэр мөн сайхан буяны үйл шүү” гэх мэтээр бусдын буянд даган баясаарай. Агуу зүйлс энгийн байдаг гэдэг шиг даган баясахын арга бол маш энгийн бөгөөд хийж чадвал агуу их буяныг дагуулах билээ.
5. Даатган залбирах
Тавдугаар арга буян номыг сануулах болон зургаадугаар арга соёрхол талбих хоёрыг энгийн хүмүүст үйлдэхэд амрыг бодолцон нэг болгон бичлээ. Та энэ үед ямар зорилгоор хурал ном айлтгуулахаар ирсэн тэрхүү зорилго, буян ном, ажил үйлсээ даатган залбирна гэсэн үг юм. Эхлээд та нүдээ анин тахиулж буй бурхнаа өөрийн толгойн харалдаа дээрхи огторгуйд залран байна гэж бодно. Хэрвээ таныг тухайлсан нэг бурхан тахиул гэсэн бол тэрхүү бурхныхаа дүрийг сайтар нүдлэн тогтоож авсан байвал сайн. Тухайлбал Гомбо, Чойжал, Лхам, Очирваань, Намсрай зэрэг 10 хангалууд, мөн Говийнлха, Цагаан Ногоон дарь эх, Цэнд, Манал, Манзушри, Хажод зэрэг бурхадыг ихэнхдээ тахиулдаг. Эдгээр бурхадыг бодох боломжгүй гэж үзвэл Бурхан багшаар төлөөлүүлэн бодож болно.
6. Эс бөгөөс тэдгээр бурхадын оронд тунгалаг гэгээн гэрэл бодоод тэрхүү гэрэл нь миний тахиулж буй бурхан мөн хэмээн бодвол бүр амар байх болов уу. Гэрлийг цацарсан, гялалзсан, тунгалаг зэрэг ямар ч байдлаар бодож болно. Ингэсний дараа тэрхүү бурхандаа хандан өөрийн залбирч буй зорилгоо үнэн санаанаасаа хүнтэй ярьж буй мэт сүжиглэн даатгана. Юу л хүсэж буй тэр бүхнээ сайн даатгаж залбирна гэсэн үг. Жишээ нь: Би энэ жил ийм ажил хийх санаатай. Үүнийг л сайн бүтээж өгөөрэй гэх ч юм уу. Миний … ийм нэртэй хүн өвчин зовлонтой байна. Энэ хүнийг маань өвчин шаналлаас нь түргэн салгаж өршөө, тэр маань хол газар суугаа. Түүнийг минь зорисон хэргийг бүтээж хайрла гэх мэтээр даатган залбирна гэсэн үг юм. Үүний дараагаар санаж зорьсон зүйлсийг тань биеүүлэх чадалтай номын адис жанлав шингэсэн рашаан бууж, биеэнд тань шингэж бие, хэл сэтгэлийг ариусган бурханы авралд багтлаа гэж бодоорой.
7. Буянаа зориулах.
Хийсэн буяны үйлсээ зөв зүйлд зориулахгүй бол түүнээс гарах ач холбогдол, тус эрдэм нь төдийлөн сайн байж чаддаггүй гэдэг. Та хийсэн буянаа ганцхан өөрийн тусын тулд зориулж болохгүй. Адаглаад гэр бүл, нутаг хошуу, улс орныхоо сайн сайхны төлөө зориулах нь зөв юм. Иймээс “Миний хийсэн энэхүү буян өрөөл бусдад ч тус болох болтугай” хэмээн бодож залбираарай.
Дээр гарсан утгыг товчлон сануулбал:
• Сэтгэлээр ариун байх. /Санаа зөв бол заяа зөв/
• Бусдыг хүндэтгэх
• Уйчлалт гуйж чадах соёл болон сэтгэлийн тэнхээтэй байх
• Бусдад урам хайрлах. /Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ/
• Бусдын тус дэмийг зөвөөр хүлээн авах.
• Зорилгоо зөв тодорхойлох
Буяны үйлс тань дэлгэрэх болтугай.
budda.mn