Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг ирэх сарын 15-ны дотор хангаж дуусгах үүрэг өгөв

 

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл 72 хувьтай байна. Дүүргүүдээр авч үзвэл өвөлжилтийн бэлтгэл ажлын явцаараа Хан-Уул дүүрэг тэргүүлж байгаа бол Багахангай дүүрэгт 52 хувь буюу хамгийн бага үзүүлэлттэй байгааг танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дүүргийн дарга нарыг ажлаа хурдасгаж, 9 дүгээр сарын 15 гэхэд нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг 100 хувь хангаж дуусгах үүрэг өглөө.

Д/д Дүүрэг Төлөвлөсөн арга хэмжээ Биелэлт
2 БАЯНГОЛ 11 70%
3 НАЛАЙХ 33 77%
4 СОНГИНОХАЙРХАН 43 63%
5 ЧИНГЭЛТЭЙ 18 72%
6 БАЯНЗҮРХ 216 55%
7 СҮХБААТАР 38 60%
8 ХАН-УУЛ 32 80%
9 БАГАНУУР 12 60%
Нийт 422 65.4%

Дулаан, цахилгаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл 78.2 хувь, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлтгэл ажил 76.5 хувь, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын бэлтгэл ажил 72 хувьтай байна.

Сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагын хувьд нийслэлд энэ онд 13 цэцэрлэг, 10 сургууль шинээр ашиглалтад хүлээн авахаас 13 цэцэрлэг нь 80-100 хувийн гүйцэтгэлтэй, 10 сургуулийн хувьд 60-80 хувийн гүйцэтгэлтэй байна. 2017-2018 онд төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломжтой болсон 4 сургууль, 1 цэцэрлэг, 2 эмнэлгийн байрны гадна шугам сүлжээ, дулаан дамжуулах  төв, холигч насосны узель хийхэд шаардагдах 515 сая 860 мянган төгрөгийг  НЗД-ын А/615 дугаар захирамжаар шийдвэрлэжээ. Мөн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 1000 тн бодис, 1500 тн давс нэмж нөөцлөхөөр 555 сая төгрөгийн худалдан авах ажиллагаа зохион байгуулж байна.

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангагдаж байна

Нийслэлийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл хуваарийн дагуу хангагдаж байна. Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу хүүхдүүдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг нь хангах зорилгоор нийт 16 сургуулийн гадна талд хурд сааруулагч, замын тэмдэг, тэмдэглэгээний ажил хийсэн байна. Мөн нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургууль гэсэн ерөнхий боловсролын 3 сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчныг бий болгон, тохижилтын ажил хийсэн юм. Улс, нийслэлийн төсвийн 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын 51 сургуульд засварын ажил хийгдэж байна. Засварын ажил энэ долоо хоногт багтан бүрэн дуусна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …