Д.Отгонтуяа: Хоёр дахь хагалгаанд орсны дараа нүд нь юм харахаа болчихсон

Хугацаанд цэргийн албанд явсан хүү нь цэргийн эмчийн буруугаас болж хараагүй болсон учраас хүүгийн ээж хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ. Хүү нь хараагүй болсон ч одоо хүртэл Батлан хамгаалах яамнаас ямар ч хүн уулзаагүй бөгөөд яамны зүгээс “хуулийн байгууллагад ханд” гэсэн хариу өгсөн байна.

Хэвлэлийн хурлын үеэр хүүгийн ээж Д.Отгонтуяа хэлэхдээ: “Миний хүү Б.Ихбаяр 2016 оны 10 дугаар сарын 22-нд  цэргийн комиссоор орж Дорнод аймгийн  327 дугаар ангид хуваарилагдан очсон. Харин 11 дүгээр сард шүд нь өвдөөд  Дорнод аймгийн эмнэлэгт очиж шүдээ авахуулсан боловч шүдний ёзоор үлдсэн. Ингээд 12 дугаар сард 25-нд Цэргийн төв эмнэлэгт ирж, 2017 оны нэгдүгээр сарын 3-нд хагалгаанд орчихоод буцаад цэргийн анги руу явсан. Цэргийн анги дээр очоод хамарнаас  нь муухай үнэр гараад байхаар буцаад Цэргийн төв эмнэлэг дээр ирж 2017 оны гуравдугаар сарын 15-нд дахин хагалгаанд орсон. Энэ хагалгаанд орсны дараа зүүн нүд нь хараагүй болсон. Ингээд  дөрөвдүгээр сарын 22-нд нүдний хагалгаанд орсон. Нүдний хагалгаанд орсон боловч нүдэнд хараа ороогүй байна. Одоо гэртээ хэвтрийн байдалтай байгаа. Нүдний эмнэлэгт үзүүлэхээр хараа орохгүй гэж хэлсэн. Иймээс би эмч нарын буруутай үйлдэл гэж үзээд хуулийн байгууллагад хандсан” гэдгийг тодотгож хэлсэн юм.

Ингээд Ихбаярын ээж Д.Отгонтуяагаас дараах зүйлийг тодрууллаа

-Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлж хуулийн байгууллагад хандсан гэж байна. Энэ хугацаанд ямар нэгэн хариу ирээгүй юм уу?

-Хуулийн хяналтын байгууллага, эрүүл мэндийн байгууллага болон мэргэжлийн хяналт гэсэн газруудад гомдол гарсан. Одоогоор шалгаж байгаа болохоор дорвитой хариу ирээгүй байна. Шалгаж дуусаад надад хэлнэ гэсэн.

-Хаана шалгагдаж байгаа вэ?

-Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа.

-Дөрвөн сарын хугацаанд  шалгаж дуусаагүй байгаа юм уу. Шүүх шинжилгээний дүгнэлт гарсан уу?  

– Одоогоор шүүх шинжилгээний дүгнэлт бүрэн гараагүй байгаа.

-Танай хүүхэд хэзээнээс хараагүй болсон вэ?

-Манай хүүхэд шүдний хагалгаанд хоёр удаа орсон. Хоёр дахь хагалгаанд орсны дараа нүд нь юм харахаа болчихсон. Хувийн эмнэлэгт үзүүлэхээр хараа орохгүй гээд байгаа. Иймээс эмч нарын буруу гэж үзэж байгаа. Цэргийн албанд явахдаа эрүүл хүүхэд явсан.

-Одоогоор хүүгийн биеийн байдал ямар байна вэ. Ямар нэгэн эмчилгээ хийж байгаа юу?

-Одоогоор цэргээсээ чөлөөлөгдөөд гэртээ байж байгаа. Нэгдүгээр эмнэлэгт үзүүлээд эм ууж байгаа.

-Хагалгаа хийсэн эмч болон Цэргийн төв эмнэлгийн удирдлагатай уулзсан уу?

-Цэргийн төв эмнэлгийн удирдлагуудтай уулзсан.Цэргийн төв эмнэлгийн удирдлагууд шүүх шинжилгээний дүгнэлт гаргаагүй байна. Дүгнэлт гарахаар тодорхой болно гэсэн.

Н.Алт

 

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …