Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх автобусны стандартын шаардлага, тээвэрлэлтийн нөхцөл, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автобусаар тав тухтай аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналт” шалгалтыг зохион байгуулсан билээ.
Нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 214 орчим ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаа үүнээс шалгалтанд 44 сургууль, 1 цэцэрлэг, 1 сургалтын төвийн нийт 82 автобус хамрагдсан байна.
Үүнд: Баянзүрх дүүрэг 13 сургуулийн 21 автобус
Баянгол дүүрэг 7 сургуулийн 10 автобус
Сонгинохайрхан дүүрэг 3 сургуулийн 3 автобус
Сүхбаатар дүүрэг 12 сургууль, 1 сургалтын төвийн 30 автобус
Чингэлтэй дүүрэг 1 сургуулийн 1 автобус
Хан-Уул дүүрэг 5 сургуулийн 13 автобус
Налайх дүүрэг 2 сургууль, 1 цэцэрлэгийн 3 автобус
Багахангай дүүрэг 1 сургуулийн 1 автобус хамрагджээ.
Үүнээс 90,2% нь буюу 74 автобус насжилтаар, 22% нь буюу 18 автобус нь шар өнгөтэй байх шаардлагаар тэнцсэн боловч хэрэглээний стандартын шаардлагыг зөрчсөн зөрчлүүд илэрсэн байсныг арилгуулахаар “Зөвлөмж” хүргүүллээ.
2017-2017 оны хичээлийн жилд нийт 82 автобус хамрагдаж өмнөх оны мөн үеэс хүүхдийн автобусны тоо 24 хувиар буурсан үзүүлэлттэй боловч өмнөх жилүүдтэй харьцуулахад хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлт хийгдсэн, техникийн бүрэн бүтэн байдал илт сайжирсан ололттой байлаа.
Цаашид Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттай “Хүүхдийн автобус”-аар тээвэрлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай бөгөөд энэ нь бага насны хүүхдийн аюулгүй байдал хангах, түгжрэл саатал, агаарын бохирдлыг бууруулах, зэрэгт чухал нөлөөтэй юм.
Мөн эцэг эхчүүд хүүхдийн автобусны үйлчилгээнд тогтмол хяналт тавьж байх, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд шалгалтанд тэнцээгүй, шаардлага хангахгүй байгаа автобусны жолоочтой гэрээ байгуулахгүй байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
ХАРИУЦЛАГАА НЭМЭГДҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
Хичээлийн шинэ жил эхэлж замын хөдөлгөөнд оролцогч хүүхэд багачууд, иргэдийн хөдөлгөөн ихэсдэгтэй холбоотойгоор зам тээврийн осол, хэргийн тоо нэмэгддэг.
Энэ үеэр гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус албанаас “KGB Tegbe” мэргэжлийн хүргэлтийн үйлчилгээтэй хамтран “ХАРИУЦЛАГАА НЭМЭГДҮҮЛЬЕ” уриан дор тус төвийн гадна талд байрлах сурталчилгааны 3 самбарт болон үйлчилгээний 15 тээврийн хэрэгслийн гадна талд, Хан-Уул дүүргийн нутаг Наадамчдын гудамж авто зам дагуу уриалга, зөвлөмж байрлуулан ажиллаж байна.
Мөн хүүхэд зам хөндлөн гарахад дунджаар 10-15 секунд шаардагддаг бөгөөд энэ хугацаанд анхаарлаа өөр зүйлд сарниулахгүй, аюулгүй, зөв замын хөдөлгөөнд оролцох талаар ЭЦЭГ ЭХ ТА хүүхэддээ үлгэрлэн зааж сургаж, тэдэнд багаас нь зөв дадал эзэмшүүлэхийг уриалж байна.
Монгол улсын ирээдүй, эзэн болсон хүүхэд багачуудаа зам тээврийн ослоос хамгаалцгаая. Тэдний минь ирээдүй гэрэл гэгээтэй байг.
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ХАРЪЯА НЭГЖИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Замын цагдаагийн албаны харъяа нэгжийн удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөн 2 дахь өдрөө үргэлжилж байна. Сургалт 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд сургалтанд 21 аймгийн болон нийслэлийн 9 дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, тасаг, хэсгийн дарга нар хамрагдаж байгаа юм.
Сургалт, зөвлөгөөнөөр алба хаагчдад шинээр хэрэгжиж буй Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын холбогдох заалтууд, анхаарах асуудал, Зам, замын байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн өнөөгийн байдал, Замын хөдөлгөөнд тавих хяналтыг зохион байгуулах, анхаарах асуудал, Цагдаагийн алба хаагчийн сэтгэл, харилцааны соёл болон Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, Урьдчилан сэгийлэх ажлын аргачлал, анхаарах асуудал зэрэг нийт 26 сэдвийн дагуу Тээврийн прокурорын газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологи, холбооны төв, Леди төв, Албан журмын даатгагчдын холбоотой хамтран сургалтыг зохион байгуулж байна.
Мөн сургалт, зөвлөгөөний төгсгөлд зарим аймаг дахь Замын цагдаагийн тасгаас бэлтгэсэн сонсгол мэдээлэл, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлын талаар танилцаж санал солилцох юм гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.