Баянхонгор аймгийн иргэд мэс засалд орохын тулд заавал нийслэлийг зорих шаардлагагүй боллоо

Баянхонгор аймагт өчигдрөөс эхлүүлэн Дурангийн мэс заслыг нэвтрүүлээ. Дурангийн хагалгааны орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжийг ЭМЯ-наас шийдвэрлэж, хүлээлгэн өгсөн гэдгийг нээлтийн ёслолд оролцсон ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат дурдлаа.

ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн багийнхантайгаа тус аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, эхний хагалгааг өөрөө гардан хийсэн. Харин хоёр дахь хагалгааг ХСҮТ-ийн эмч нарын удирдлага дор аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нар гардан гүйцэтгэж буй үйл явцтай танилцлаа.

Баянхонгор аймгийн уугуул хоёр иргэн энэ өдөр цөсний хагалгаанд амжилттай орж, зовиур шаналалгүй болгосон эмч нарт талархаж буйгаа илэрхийллэв. Ингэснээр дурангийн мэс заслыг хамгийн түрүүнд орон нутагт нэвтрүүлж буй анхны аймаг Баянхонгор болж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэдэд илүү ойртов. Тодруулбал, Баянхонгор аймаг дурангийн мэс заслын тасагтай болсноор гуравдугаар шатлалын эмнэлэгт хийдэг үзлэг оношлогоо, мэс заслыг иргэд орон нутагтаа авах боломж бүрдэж байгаа юм. Нээлттэй мэс засал хийлгэсэн хүмүүс хагалгааны дараа долоо хоног эмнэлэгт хэвтэх шаардлагатай бол дурангийн мэс засал хийлгэснээр 2-3 хоног эмнэлэгт хэвтдэг зэрэг эмчилгээний хувьд олон давуу талтайг эмч нар хэлж байлаа.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …