Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын хурал өнөөдөр /2017.09.29/ болж, МУ-ын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын төлөөлөл болон салбарын үе үеийн сайд, хөдөлмөрийн баатрууд, инженер мэргэжилтнүүд оролцлоо.
Баярын хурлын эхэнд Эрчим хүчний сайд П.Ганхүү салбарын хамт олондоо 95 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, бүтээн байгуулалтын түүхэн он цаг, хөгжлийн хэтийн төлвийн талаар илтгэл тавив. Илтгэлд “Монгол Улсад Ардын хувьсгал ялснаас хойш 56 жилийн дараа буюу 1977 онд манай улс 1 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж, 2 дахь тэрбумыг үйлдвэрлэхэд 7 жил зарцуулсан бол 3 дахь тэрбумыг үйлдвэрлэхэд ердөө 4 жил, 4 дэх тэрбумыг үйлдвэрлэхэд 1.5 жил зарцуулжээ. Мөн Баруун бүсийн аймгуудыг цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор Акудовурак-Улаангомын цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлыг 1988 онд эхлүүлж, баруун 3 аймгийн төв, ойролцоох сумдуудыг эрчим хүчтэй болгох ажлыг шат дараатай хийж гүйцэтгэн хэрэглэгчдийг ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортлон хангажээ. Түүнчлэн 1976 онд Багануурын нүүрсний уурхайг ашиглах, том чадлын цахилгаан станц барих судалгаа, зураг төслийг хийлгэж, Нүүрэнтэйн хөндийд “Монгол улсын Түлш, эрчим хүчний цогцолбор газар” байгуулах бүтээн байгуулалтыг эхлүүлж, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг дагалдан “Эрдэнэтийн овоо” уулын ар хөндийд Эрдэнэт хотыг байгуулснаар “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-ыг барих ажлыг эхлүүлж, Улс ардын аж ахуйн соёлыг хөгжүүлэх 6 дугаар таван жилийн төлөвлөгөөний дагуу Монгол Улсын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахаар Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцыг барьж, Монгол Улсыг цахилгаанжуулах нөр их ажил ундарсан он жилүүд байлаа. Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн шилжилтийн үе болох 1990-2000 онд Монгол Улсын гал голомтыг мандан бадраахын төлөө нойр, хоолоо үл хайхран зүтгэж хөдөлмөрлөж байсан ахмадуудаараа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна.
Өнөөдөр Монгол орны 21 аймаг, 333 сум, сууринг эрчим хүчний системд холбож, 24 цагийн турш тасралтгүй эрчим хүчээр ханган ажиллаж, улсын хэмжээнд 220 киловольтын 1183 км, 110 киловольтын 5606 км, 35 киловольтын 9574 км, 15-0.22 киловольтын 25364 км урт цахилгаан дамжуулах шугам, 220-6 киловольт хүртэлх хүчдэлийн түвшинтэй 5466 дэд станцаар дамжуулан 650 гаруй мянган хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна” гэж дурьджээ.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын мэндчилгээг биет төлөөлөгчид нь уншиж танилцуулан, баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Дамдин 1960-1968 онд Аж үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах болон түгээх шугам сүлжээг барьж байгуулах, өргөтгөх их түүхэн ажлын эхлэлийг тавьсан хүн юм. Тэрбээр Эрчим хүчний салбар цаашид өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, салбарын нийт хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлэв. Мөн МУ-ын Ерөнхийлөгч асан, 1976-1985 онд Түлш Эрчим хүчний үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан П.Очирбат, Үндэсний Аудитын газрын дарга, МУ-ын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн асан А.Тлейхан баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн баярын хуралд 1200 орчим төлөөлөл оролцсон бөгөөд баярын хүндэтгэлийн тоглолтоор ойн арга хэмжээ үргэлжиллээ.
Эх сурвалж:ЭХЗХ