Жил бүрийн 9 дүгээр сарын 29-ний өдрийг дэлхий нийтээр “Дэлхийн зүрхний өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд дэлхийн бүх улс оронд “Эрч хүчээ хуваалцъя” уриан дор тэмдэглэж байгаа билээ.
Энэхүү өдрийг Улсын гуравдугаар төв эмнэлэг, ХААН банк сан, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Дэлхийн зүрхний холбооны албан ёсны гишүүн Монголын Зүрхний Холбоо хамтран Сүхбаатарын талбайд “Эрүүл мэндийн өдөрлөг” зохион байгуулж иргэдэд зүрх судасны чиглэлээр үзлэг зөвөлгөө, биеийн тамирын дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтын зөвлөмж, амталгаа явуулан биеийн жингийн индекс тодорхойлон цусны даралт ихсэлтийн эрсдэлийн зэргийг тодорхойлох болон иргэдэд зориулсан зурган тайлбартай цусны даралт ихсэлтийн комик номыг хэвлэн 500 гаруй ширхэгийг тараалаа.
Тус арга хэмжээд эм ханган нийлүүлэх байгууллагуудын төлөөлөл оролцон Монос ХКК-ийн зүгээс иргэдэд зүрх судасны, цусны даралт ихсэлтийн эсрэг бүтээгдэхүүнээ сурталчилан иргэдэд өдрийн тунгаас нь тараасан юм. Энэхүү арга хэмжээнд нийт 4000 орчим иргэд үйлчлүүлэгч нар оролцон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авлаа.
Мөн энэ өдөр Баянгол дүүрэгт байрлах ХААН банкны Баруун Хүрээ тооцооны төвд цусны даралт хэмжих булангийн нээлтийг хийж тус банкаар үйлчлүүлэгчид цусны даралтаа суурин автомат аппаратаар үнэгүй хэмжүүлэх болон судалгаанд хамрагдах зэрэг боломж бүрдэж байна.
Цаашид тус эмнэлэг Хаан банк сантай хамтран хэрэгжүүлж буй “Цусны даралт ихсэлтийн аян”-ын хүрээнд тус банкны тооцооллын төвүүдэд шат дараатай цусны даралт хэмжэх булангуудыг нээх, иргэдэд эрүүл амьдралын хандлага, дадлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 40-өөс дээш настай иргэд, харилцагчдын дунд цусны даралт ихсэлтийн эрт үеийн илрүүлгийг хийх, тархины харвалт, зүрхний шигдээс зүрхний дутагдлаас сэргийлэх, сургалт сурталчилгааны үйл ажиллагааг явуулахаар төлөвлөж байна.
ЭМЯ