Оюутны тэтгэлэг олгох журам

28ff50049be2f5a3big 1.1.Монгол Улсын аттестатчилагдсан дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын зэргийн өдрийн ангид холбогдох журмын дагуу элсэн суралцаж байгаа, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа Монгол улсын иргэн, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд тус тус суралцагчийн тэтгэлэг /цаашид тэтгэлэг гэх/ олгоход энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.2.Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн суралцах болон амьжиргааны зардлыг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зориулан олгох буцалтгүй мөнгөн тусламжийг суралцагчийн тэтгэлэг гэнэ. Суралцагчийн тэтгэлэг нь үндэсний, урамшууллын тэтгэлэг, сургалтын төлбөрийн ба амьжиргааны зардал гэсэн хэлбэртэй байна.

1.3.Үндэсний тэтгэлэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байна. Урамшууллын тэтгэлэгийг суралцагчийн сурлагын амжилтыг үндэслэн олгоно.

1.4.Суралцагчид олгох сургалтын төлбөрийн ба амьжиргааны зардлын хэмжээг боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран тогтооно.

1.5.Зохих журмын дагуу дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцаж байгаа Монгол Улсын иргэн нь тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргах эрхтэй.

1.6.Урамшууллын тэтгэлэг, сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардал авах суралцагч Сургалтын төрийн сантай гэрээ байгуулах бөгөөд гэрээний загварыг боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

1.7. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хичээлийн жилийн эцэст урамшууллын тэтгэлэг олгох суралцагчийн сурлагын дүнгийн тайланг дээд боловсролын сургалтын байгууллагаас авч, хяналт-шинжилгээ хийх ба дүгнэлтийг Сургалтын төрийн санд хүргүүлнэ.

1.8.Суралцагчийн мэдлэгийг бодитой бус үнэлсэн, сурлагын тайланг үнэн зөв гаргаагүй нь нотлогдвол тухайн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлагад хариуцлага тооцно.

1.9.Дээд боловсролын сургалтын байгууллага нь тэтгэлгийг оюутнуудад зохих журмын дагуу тооцож олгох үүргийг хүлээх ба зориулалт бусаар зарцуулахыг хориглоно.

Хоёр. Үндэсний тэтгэлэг  

2.1.Аттестатчилагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад зохих журмын дагуу элсэж, суралцах чадвар, идэвх санаачилга, төлөвшлөө илтгэн харуулсан өдрийн ангийн суралцагчид суралцах хугацаанд нь Үндэсний тэтгэлэг олгоно. Үндэсний тэтгэлэг олгох нийт хугацаа нь тухайн мэргэжлийн сургалтын хөтөлбөрт заагдсан жилээс хэтрэхгүй байна.

2.2.Үндэсний тэтгэлгийг хичээлийн жилийн 10 сарын турш сар бүр тооцож олгоно.

Гурав. Урамшууллын тэтгэлэг  

3.1.Сурлагын өндөр амжилт гарган суралцаж, энэхүү журмын 3.3-ийн а, б, в, г-д заасан шалгуур хангасан суралцагчид болон Засгийн газраас тодорхойлсон эрэлт ихтэй мэргэжлээр өдрийн ангид суралцаж байгаа суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно.

3.2.Монгол Улсын эрэлт ихтэй мэргэжлийн чиглэлийг Засгийн газар тогтооно.

3.3.Урамшууллын тэтгэлгийг үндэсний тэтгэлгийн хэмжээнээс тодорхой хувиар тооцон олгоно. Үүнд:  а/3.2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа диплом, бакалаврын зэргийн суралцагчид 50 хувийн;   б/3,6 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа диплом, бакалавр, магистр, докторын зэргийн суралцагчид 75 хувийн;   в/боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр зохион байгуулсан улсын олимпиадад эхний гурван байранд шалгарсан шинээр элсэгчид 100 хувийн;  г/боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр олон улсын олимпиадад оролцож шагналт байранд орсон шинээр элсэгчид 100 хувийн тэтгэлгийг тус тус олгоно.

3.4.Олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр болон гадаадын нэр хүндтэй сургуулиудтай хамтарсан хос хөтөлбөрөөр суралцаж байгаа 2.8-аас дээш голч дүнтэй суралцагчид 50 хувийн тэтгэлэг олгоно.

3.5. Монгол Улсад эрэлт ихтэй мэргэжлээр элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж нь 720-иос дээш оноо авсан шинээр элсэгчид, 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчид 50 хувийн тэтгэлэг олгоно.

3.6. Урамшууллын тэтгэлгийг давхардуулан олгохгүй.

Дөрөв. Сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардал

4.1.Суралцагчид дараахь нөхцөлд амьжиргааны зардал олгоно:  а/хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд;  б/хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүйгээр суралцаж байгаа Монгол Улсын иргэнд.

4.2.Суралцагчид дараахь нөхцөлд сургалтын төлбөр олгоно:  а/бүтэн өнчин;  б/хөгжлийн бэрхшээлтэй суралцагч буюу эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч;   в/хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн 1 суралцагч.

Тав. Бүрдүүлэх бичиг баримт  

5.1.Тэтгэлэгт хамрагдах суралцагч нь дараахь бичиг баримтыг бүрдүүлэн суралцаж буй сургуульдаа өгнө:

5.1.1.тэтгэлэг хүсэх болсон шалтгаанаа тодорхой тайлбарласан хувийн өргөдөл;

5.1.2.сурлагын дүнгийн тодорхойлолт;

5.1.3.Боловсролын үнэлгээний төвийн батламж /шинээр элсэгч/;

5.1.4.дээд боловсролын сургалтын байгууллагад зохих журмын дагуу элссэнийг нотлох боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын эрхийн бичиг;

5.1.5.энэ журмын 4.1-д заасан суралцагчийн хувьд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр; 5.1.6.энэ журмын 4.2-д заасан иргэдийн хувьд эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлолт.

Зургаа. Санхүүжилт  

6.1.Үндэсний тэтгэлэг авах суралцагчдын дэлгэрэнгүй судалгааг тухайн сургууль улирал бүр гаргаж Сургалтын төрийн санд ирүүлэх ба суралцагчийн томилолт, шилжилт хөдөлгөөнтэй холбогдох шийдвэр зэргийг үндэслэн санхүүжилтийг сургуульд нь шилжүүлнэ.

6.2.Урамшууллын тэтгэлэг авахыг хүссэн суралцагчдын өргөдөл, холбогдох материалыг хүлээн авч, хянан, баталгаажуулах ажлыг сургуулийн захирлын тушаалаар байгуулсан комисс хариуцан зохион байгуулна. Комисс нь тэтгэлэг авах суралцагчийн мэдээллийг жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор Сургалтын төрийн санд хүргүүлнэ.

6.3.Сургалтын төрийн сан нь суралцагчдыг урамшууллын тэтгэлэгт хамруулахаар ирүүлсэн сургуулийн санал, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн санхүүжилтийг улирал тутам тухайн сургуульд шилжүүлнэ.

6.4.Энэ журмын 3.3-ын в, г заалтад хамрагдах улс, олон улсын олимпиадад үзүүлсэн амжилтаар олгох урамшууллын тэтгэлэгийн хугацаа нэг хичээлийн жил байна. Хичээлийн жилийн эцэст суралцагчийн голч дүнг үндэслэн урамшууллын тэтгэлэг үргэлжлүүлэн олгох эсэх асуудлыг Сургалтын төрийн сан шийдвэрлэнэ.

6.5.Урамшууллын тэтгэлэг авсан суралцагч чөлөө авсан, эсхүл журамд заасан голч дүнгийн босго шаардлагыг хангаагүй тохиолдолд гэрээг түдгэлзүүлж, санхүүжилтийг зогсооно.

6.6.Сурлагын голч дүнгийн болзол хангаагүйгээс урамшууллын тэтгэлэг авах эрхээ алдсан суралцагч нь дараагийн хичээлийн жилд голч дүнгийн шаардлага хангавал тэтгэлэг авах эрх нь нээгдэнэ.

6.7.Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа Монгол улсын иргэнд амьжиргааны зардлыг Монгол Улсаас тухайн оронд суугаа Элчин сайдын яамаар дамжуулан олгоно. Элчин сайдын яам нь жил бүр өөрийн суугаа болон хавсран суугаа оронд суралцаж байгаа Монгол Улсын иргэдийн сурлагын талаархи судалгааг гаргаж, жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор гадаад хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Сургалтын төрийн санд ирүүлж байна.

6.8.Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд гэрээ, хэлэлцээрт заасан санхүүгийн нөхцөлийн дагуу сургалтын төлбөр, амьжиргааны зардал олгоно. Суралцагчид олгох тэтгэмжийн хэмжээг холбогдох гэрээ, хэлэлцээрт тодорхой заагаагүй бол боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан шийдвэрээр тогтооно. Сургалтын төрийн сангаас санхүүжилтийг тухайн суралцагчийн суралцаж байгаа сургуулиар дамжуулан олгоно. Сургууль нь тухайн суралцагчийн ирц, сургуулиас тавьсан шаардлагын биелэлтийн талаархи мэдээллийг гарган Сургалтын төрийн санд албан ёсоор хичээлийн улирал бүрийн төгсгөлд ирүүлж байна.

Долоо. Бусад  

7.1.Хоёр дахь удаагаа  дээд боловсрол эзэмшиж байгаа суралцагчид энэхүү журам хамаарахгүй.

7.2.Гэрээ, санхүүжилттэй холбогдон гарсан маргааныг холбогдох хууль тогтоомж, гэрээ, дүрэм, журмаар зохицуулна.

Оюутны тэтгэлэгийн мөнгийг ирэх 11 сард олгож эхлэх юм байна.

Ugluu-logo1

 

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …