Монголын нийтийн дуучдын нэгдсэн холбооны дэд тэргүүн, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Болдтой ярилцлаа.
-Та нэг хэсэг уран бүтээл гэхээсээ илүү өөрийн “B SOUND PRODUCTION”-даа анхаарал хандуулаад байсан. Харин одоо шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа болов уу?
-Мэдээж шинэ уран бүтээлүүд дээр ажиллаж байгаа. Өмнө нь багагүй хугацаанд эхнэртэйгээ хослон дууллаа. Харин тун удахгүй ганцаарчилсан “Амьдрал” хэмээх шинэ цомгоо гаргахаар зэхэж байна. Нийт найман дуутай байхаар төлөвлөж байгаа. Арваннэгдүгээр сарын дундуур гарах болов уу. Дээрээс нь нэгэн шинэ дуу маань үзэгчдэд хүрэхэд бэлэн болчихсон байна. Мөн шинэ он гаргаад тоглолтоо хийх төлөвлөгөөтэй явна даа.
Харин одоогоор “B SOUND PRODUCTION”-ыхаа таван жилийн ойд зориулсан тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа ид ороод явж байна. Тоглолт арванхоёрдугаар сарын 2-нд Монгол бөхийн өргөөнөө болох юм. Манай продакшны хамт олон өнгөрсөн хугацаанд рок поп, нийтийн дуучид, хошин шогийн хамтлагууд, сонгодог урлагийнхан гээд салбар бүрийн л уран бүтээлчидтэй хамтарч тоглолтыг нь зохион байгуулж, хөгжим, тайз засалт зэргийг нь шийджээ. Ер нь бол өнгөрсөн таван жилийн хугацаанд нийтийн болоод рок попын дуучдын тоглолтын тайзыг шинэчилж чадсан гэж боддог шүү. Ямартай ч байгуулагдсан цагаас минь эхлэн ажилласан эдгээр уран бүтээлчид маань бидний ойн тоглолтод оролцоно. Хамгийн шилдэг уран бүтээлчид оролцох тул маш сайхан тоглолт болно. Үзэгчдэд маань “Ээ дээ дэмий л юм үзчихлээ дээ” гэсэн харамсал төрөхгүй гэдэгт итгэлтэй байна.
-Та өнөө цагийн нийтийн дуучдын онцлогийг юу гэж харж байгаа бол?
-Манай нийтийн дуучдыг хөдөөнийх гэх зэргээр ярьдаг л даа. Ер нь л янз бүрээр яриад байдаг хандлага ажиглагдаад л байдаг юм. Гэхдээ яг үнэндээ зохиолын дууг нийтээрээ л сонсдог шүү дээ. Монголчуудын 70, 80 хувь нь нийтийн дуу сонсож байгаа. Рок поп, сонгодог урлаг зэргийг ийм, тийм гэж хэлж байгаа юм биш л дээ. Ямартай ч миний хийсэн судалгаагаар гадаадад ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн 90 хувь нь нийтийн дуу сонсдог юм билээ. Нутаг ус, ээж аавыгаа санасан хүмүүс ихээр сонсдог байх нь л дээ. Тэгэхээр нийтийн дуу бол маш хүчтэй салбар. Тиймдээ ч Монголын дууны урлагт тэргүүн эгнээнд байдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Ер нь ч хөдөө орон нутгийн хаана ч соёлын үрийг тарьж яваа хүмүүс бол нийтийн дуучид л байдаг шүү дээ. Бид хол ч гэлтгүй аймаг, сумдад бүгдэд нь очиж дуу хуураа хүргэхийг хичээдэг, зорьдог.
-Гэхдээ сүүлийн үед сайн муу нь мэдэгдэхгүй маш олон дуучид гарах болсон байна. Энэ тухайд ямар бодолтой явдаг вэ?
-Мэргэжлийн болоод мэргэжлийн бус дуучдын талаарх асуудлууд бий л дээ. Би Монголын нийтийн дуучдын нэгдсэн холбооны дэд тэргүүнээр ажилладаг хүний хувьд энэ мэт асуудлыг хэлдэг, ярьдаг. Гэхдээ тэдгээр хүмүүсийг “дуулахаа боль” гэж хэлж болохгүй нэг зовлон бий. Хэрэв хэлчихвэл хүний хэрэгт оролцсон болно шүү дээ. Хэдий уран бүтээлчид бид дотроо энэ асуудлыг ярилаа, хэлэлцлээ гээд ямар ч шийдэлд хүрч чадахгүй. Харин Боловсрол соёлын газраасаа тохирох тогтоол зэргийг гаргах нь зүйтэй. Өмнөх үеийнх шиг айхтар цензур тавихгүй ч ямар нэгэн байдлаар хяналт байх хэрэгтэй болов уу.
-Нийтийн дуучдыг хамгийн их ашиг олдог уран бүтээлчид гэдэг. Ер нь нэг тоглолтоос хичнээн төгрөгийн ашиг олдог вэ?
-Нийслэлийнхээ үзэгчдэд хүргэдэг тоглолтоос тийм ч их ашиг олоод байдаггүй. Тоглолтын зорилго нь ашиг олох гэхээсээ илүү өөрийгөө таниулах, шинэ уран бүтээлүүдээ үзэгч түмэндээ тайлагнах гэж л хийдэг юм шүү дээ. Түүнээс хүмүүсийн ярьж хэлдгээр айхтар их ашиг орлого олоод байгаа юм байхгүй. Эргээд тооцоод үзэхээр зардалтайгаа тэнцэж чадахгүй тохиолдол ч бий. Олон өдөр хийвэл юу юм гэхээс ашиг олдог гэж хэлэхэд хэцүү л дээ. Яахав орон нутгийн тоглолт зэргээс боломжоороо ашиг орлого олоод л явдаг. Басхүү тухайн аймаг сумдад ч нэмэр тус болдог байх. Сумын соёлын төв орлого тун багатай шүү дээ. Нийтийн дуучид ээлжлэн очиж тоглолт хийснээр сумын соёлын төвүүд ч тодорхой хэмжээний ашиг орлого олж байдаг. Долоо хоногт нэг тоглолт очлоо гэхэд сумын Соёлын төв дор хаяж 500 мянган төгрөгийн ашигтай байх жишээтэй.
-Дуучин Э.Чулуунчимэг та хоёрыг Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нарын залгамж халаа болсон шинэ залуу хослон дуулаачид гарч ирлээ хэмээн ярьж байсан цаг саяхан. Та хоёрын уран бүтээлүүд ч хэдийнэ ард түмний сэтгэлд хүрч чадсан шүү дээ. Харин тэдгээр уран бүтээлүүд дахин дуулагдах болов уу?
-Тэр бол цаг хугацааны л асуудал байх. Сүүлийн гурван жил найр хурим гээд дуэт дуу хаана л дуулагдах хэрэгтэй байна тэнд бид хоёр явж байсан. Ерөнхийдөө анх МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг, дараа нь С.Жавхлан, Т.Баясгалан гээд энэ сайхан дуучид нийтийн дууны урлагт тэсрэлт хийсэн. Мөн Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар ч залгамж халаа болж байлаа. Харин түүнээс хойш нэг хэсэг дорвитой уран бүтээл хийж байгаа хослон дуулаачид байхгүй болчихсон. Ингээд бид хоёр гэр бүл болоод хамтран уран бүтээл хийж эхэлсэн. Үзэгчид ч маш сайхнаар хүлээж авч байлаа. Улмаар бидний үеийн залуучууд болоод найз нөхдүүд маань ч гэсэн хамтран дуулах нь олширсон. Тиймдээ ч бид хоёр их булган сүүлтэй байж чадсан гэж боддог шүү. Тэгээд ч нийтийн дууны урлагт манлайлагч байж чадсан. Одоо ч гэсэн манлайлагч байсаар л байгаа. Гэхдээ үзэгчдийн хүртээл болсон тэр бүтээлүүд дахин эгшиглэх эсэхийг хэлж мэдэхгүй байна.
-Гэр бүл салалттай холбоотойгоор та нэг хэсэг үзэгчдийн хэл аманд багагүй өртсөн.
-Би урлагийн тогоонд орсон цагаасаа эхлээд нэг ч удаа муу муухайгаар хэлүүлж үзээгүй. Бүх л хүнтэй мэндтэй устай, тус дэмтэй явж ирсэн. Тиймдээ ч урлагийнхан болоод эргэн тойрондох хүмүүсээс маань намайг муулдаг хүн ховор л доо. Харин сошиалаар цацагдсан худал, үнэн мэдээллээс болж хоёр, гурван мянган хүн фэйсбүүкээр муулсан. Бас л эвгүй сэтгэгдэл төрдөг юм билээ. Мэдээж гэр бүл сална гэдэг буруу зүйл л дээ. Хүсээд байх ч сайхан зүйл биш гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Түүнээс гадна хамгийн чухал нь бид хоёр үр хүүхэдтэй хүмүүс шүү дээ. Тэгэхээр үр хүүхдэдээ гэр бүлийн халуун дулаан уур амьсгал мэдрүүлж чадахгүй, хамт амьдрахгүй байна гэдэг маш хэцүү. Гэсэн ч хоорондын асуудал, маргаанаас болоод хоёр тийш болсон. Үүнд зөвхөн нэг хүнийг буруутгаж болохгүй. Хэн хэн нь буруутай байсан. Тиймдээ ч миний хувьд чимээгүй л байсан. Чимээгүй байсаар л байна. Заавал ингэсэн, тэгсэн гээд тэр болгоныг задлаад байх хэрэггүй байх. Тэр хүн миний охиныг төрүүлж өгсөн сайхан эмэгтэй шүү дээ. Одоо ганцаарчилсан уран бүтээлээ хийгээд сайхан л явна. Ямартай ч бид хоёр охиноо хаа хаанаа халамжлаад л байж байна. Гэхдээ халуун ам бүлээрээ байж байгаад тусдаа амьдраад ирэхээр маш их эзгүйрсэн. Тэр үед үнэхээр хүнд байсан л даа. Сэтгэлээр ч их унасан. Гэсэн ч ээж, аав, охин минь байхад амьдралд улам хичээх ёстой гэж өөрийгөө зоригжуулж байлаа. Би өөрөө хүчтэй байж сайн, сайхан явах ёстой. Тэгж байж охин минь “Энэ миний аав” гэж бардам хэлж чадна шүү дээ. Яахав ийм юм үзэж туулж байгаа болохоор амьдралын хаттай болж, ухаан сууж л байна. Одоо бол амьдралд дахин алдах эрх байхгүй. Дуугаа дуулаад хөдөлмөрлөөд, охиныхоо төлөө зүтгэх болно. Ер нь эргээд бодоход тэгээд хүнд хэцүү үед хүний эцэг, эх л хажууд байдаг юм билээ. Надад олон сайхан найз нөхдүүд бий л дээ. Гэхдээ тэд чинь бүгд л тус тусдаа амьдралтай хүмүүс шүү дээ.
-Цаашдын зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?
-Хийхээр зорьж байгаа зүйлс их байна. Ойрын таван жилийнхээ төлөвлөгөөг гаргачихсан байгаа. Хамгийн эхлээд Удирдлагын академид суралцана. Ер нь ганцхан дуу хуураа хөөгөөд явахаар хайрцаглагдчих гээд байна л даа. Тэгэхээр толгойгоо цэнэглэж байх нь зүйтэй гэж бодож байгаа. Юм үзэж, харж нүдээ нээх нь юу юунаас чухал байна.
Үүнээс гадна “B SOUND PRODUCTION”-ыхаа таван жилийн ойд зориулж хэд хэдэн сайн үйлсийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Миний хувьд СУИС-ийг төгссөн. Тиймдээ ч СУИС-ийн дуурийн дуулаач оюутнуудын дунд зохиогдсон “Лавай-II” уралдааныг ивээн тэтгэсэн. Энэ бол эхлэл нь л дээ. Мөн дараа дараагийн хийж байгаа ажлууд маань тун удахгүй та бүхэнд хүрээд эхлэх байх.
Эх сурвалж:dnn.mn
Отгоншаравын Ариунцэцэг