Өнгөрсөн долоо хоногт завсарласан НИТХ-ын 11 дүгээр хуралдаан өнөөдөр үргэлжилж, НИТХ-ын даргаа сонгов. Хуралдаан 41 төлөөлөгчийн ирцтэйгээр эхэлж, НИТХ дахь АН-ын бүлгээс 1 цагийн завсарлага авснаар түр завсарласан юм. Завсарлага дуусч хуралдаан үргэлжлэхэд санал хураалтыг нууцаар явуулах тул хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн.
НИТХ-ын даргыг сонгох санал хураалт явагдаж дүн гарахад төлөөлөгч Д.Баярсайхан 19, С.Амарсайхан 21 санал авсан байна. Ингэснээр НИТХ-ын шинэ даргаар С.Амарсайхан сонгогдож, өмнөх дарга Ц.Сандуйгаас тамгаа гардан авлаа. НИТХ-ын дарга С.Амарсайхан төлөөлөгчдөд хандан үг хэлснээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө.
С.Амарсайхан нь 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн. Эрх зүйн Магистр зэрэгтэй.
1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан, 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе, 2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны менежер, 2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.
2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллаж байсан юм .