Л.Баттөр: MRI аппаратыг засварлахад 1.3 тэрбум төгрөг шаардлагатай

-Хэдэн тэрбумааар үнэлэгдэх MRI аппарат хүүхдийн тоглоом уу-

Одоогоос 4 жилийн өмнө Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ барилгыг оффисын зориулалтаар ашиглаж Дээд шүүх, прокурор, мөрдөх албаны контор болгох шийдвэрийг гаргаж байсан. Тухайн үед эмнэлгийн ажилчид салбарын сайдынхаа шийдвэрийг эсэргүүцэж тэмцсэн ч эцэст нь Х.Тэмүүжингийн ялалтаар өндөрлөж байв. Эмнэлгийн барилгыг оффис болгон өөрчлөх явцад 3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий MRI аппарат гэмтсэн. Тодруулбал барилгын ажлын үеэр MRI аппаратын хөргөлтийн системийн хоолойн дээр хавтан унасан байдаг. Үүнээс шалтгаалж Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг MRI аппаратаа ашиглаж чадахгүй 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. MRI аппаратыг засварлахын тулд 1.3 тэрбум төгрөг шаардлагатай болсон. Засварын мөнгийг Улс төсвөөс буюу татвар төлөгчдийн халааснаас гаргах шийдэлд хүрч ирэх оны төсөвт суулгаад байна. Өөрөөр хэлбэл MRI аппаратыг эвдсэн, эвдрэх шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн этгээдээр хохирлыг барагдуулах ёстой байтал ард түмний татварын мөнгөнөөс  зардлыг гаргах асуудал яригдаж байна. Энэ талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, дэд хурандаа Л.Баттөртэй ярилцлаа.

-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн MRI аппаратыг засварлахад хэдий хэмжээний мөнгө шаардлагатай вэ? 1.3 тэрбум төгрөгийн зардал гарна гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-MRI аппаратыг засварлахад 1 тэрбум 300 сая төгрөг шаардлагатай. Мөн MRI аппаратыг анх авахдаа цахилгааны эх үүсвэр болон тог баригчийг худалдан аваагүй байсан. Тог баригч, цахилгааны эх үүсвэргүйгээр MRI аппарат дахин эвдрэх магадлалтай. Эрсдэлээс сэргийлж энэхүү хоёр төхөөрөмжийг авахад 600 сая төгрөг хэрэгтэй. MRI аппаратыг цаашид ашиглахын тулд нийт 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. 2018 оны Улс төсөвт энэ талаар санал оруулсан. Санхүүжилт шийдэгдвэл ирэх онд MRI аппаратыг засварлах боломжтой болно.

-MRI аппаратын эвдрэлийн шалтгааны талаар мэдээлэл өгөөч?

-MRI аппаратын хөргөлтийн систем нь барилгын үйл ажиллагаатай холбоотойгоор гэмтсэн байгаа. Хөргөлтийн систем гэмтсэнээс MRI аппаратыг ажиллуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гелийн хийг гадагшлуулсан. Гелийн хий хүйтэн температурт, хасах хэмд байх ёстой байдаг. Гэтэл уг хийг хөргөх ёстой системд гэмтэл учирсан гэсэн үг. Одоо хөргөлтийн системийг засварлаж, гелийн хийг нөхөхтэй холбоотойгоор өндөр зардал гараад байгаа юм. Барилгын ажлын явцад бүрэн хамгаалалт хийгээгүй, болгоомжгүй ажилласнаас болсон.

-1.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Энэ хэрэгт хэн нэгэн хариуцлага хүлээсэн үү?

-Бид хуулийн байгууллагад хандсан. Өмнө нь ч хандаад явж байсан. Тухайн үед хэргийн шийдвэрлэлт нь тодорхой биш байсан. Тиймээс хууль зүйн туслалцааны төвөөс өмгөөлөгч аваад дахиж энэ хэргийг шалгаж өгөх хүсэлтийг гаргаад явж байгаа. Эцсийн хариу гараагүй учраас нарийн зүйлсийг мэдэхгүй байна.

-Засвар хийгээд хэвийн ажиллах баталгаа бий юу. Шинэ MRI аппарат ямар үнэ ханштай байдаг вэ?

-Хөргөлтийн системийг засварлаж, гели болон бусад хийг нөхөж хийхэд MRI аппарат хэвийн ажиллана гэж мэргэжлийн байгууллагаас дүгнэсэн. MRI аппаратын үнийг судалж үзсэн. Одоогийн зах зээлийн ханшаар 4 тэрбумаас дээш үнийн санал ирж байсан. Цахилгааны эх үүсвэр болон тог баригчийн үнэ оролгүйгээр ийм ханштай байгаа.

-MRI аппаратын ашиглалтын талаар та мэдээлэл өгөөч. Хэдэн эмнэлэг ашиглаж байна вэ? 

-Компьютер томографын аппаратаар оношлох боломжгүй оношлогоог MRI аппарат хийдэг. Тулгуур эрхтний гэмтэл, үе холбоосны гэмтлийг нарийн оношлодог учир Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн энэхүү аппаратыг зайлшгүй ашиглалтад оруулах шаардлагатай байгаа. Тархи, нуруу нугас, үе холбоос гээд маш олон төрлийн оношлогоог хийдэг. Манай эмнэлэг гэмтлийн мэс заслын тасагтай учир цаашид тулгуур эрхтэн, үе холбоосны мэс заслаар нарийсч ажиллана. Тиймээс MRI аппарат хэрэгтэй. Улсын хэмжээнд MRI аппарат Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг гээд хоёр гурван эмнэлэг дээр орж ирсэн.

-MRI аппарат эвдрээгүй хэвийн ажиллаж байсан бол өнгөрсөн хугацаанд хичнээн хүнд оношлогоо хийх байсан бэ?

-Маш их эрэлттэй байх байсан. Сард 200-300 хүнд оношлогоо хийх боломжтой. Өнгөрсөн 4 жил MRI аппарат ажилласан бол дор хаяж 5 мянган хүнд оношлогоо хийчих байсан.


Эх сурвалж: ZALUU.COM

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …