Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр багш нарын хугацаагүй ажил хаялтын тухай албан ёсны мэдэгдэл хийлээ. Тухайлбал ирэх даваа гарагт улс орон даяар багш нар хугацаагүй ажил хаях болсноо мэдээллээ. Ажил хаялтад өнөөдрийн байдлаар Нийслэлийн ЕБ-ийн 105 сургууль, Шинжлэх ухааны 11 байгууллага, СӨБ-ийн 161 цэцэрлэг нэгдэхээ илэрхийлжээ. Харин хөдөө орон нутгийн ЕБ-ийн 72-р сургууль, МСҮТ, СӨБ-ийн 56 цэцэрлэг оролцоно гэдгээ илэрхийлж эцэг эхчүүдээр гарын үсэг зуруулжээ.
МҮЭХ-ны зүгээс 2016-2017 оны улсын гурван талт хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээрийн үр дүнг хангалтгүй гэж үзэн дараах шаардлагуудыг тавьжээ.
Үүнд:
1. 2017 оны 4-р улиралд багтаан Засгийн газар ОУВС –тай Цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр хэлэлцээр хийж боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллагсдын үндсэн цалинг нэмэгдүүлэх боломж бий болгох
2. 2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс Боловсрол шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх
Эдгээр шаардлагыг Засгийн газарт тавьсан бөгөөд ирэх даваа гарагт хугацаагүй ажил хаялт хийхээр шийдвэрлэсэн. Ажил хаялтад нэгдсэн сургуулиудын зүгээс эцэг эхчүүдэд хандан дэмжихийг уриаллаа. Мөн багшийн цалин нэмүүлэх түр хорооныхон нэгдэлд оролцоно гэдгээ илэрхийллээ.
Ажил хаялтыг удирдан, зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Б.Баянмөнх
Багш нарын түр хороотой холбоотой асуудлаар тайлбар хэлье. Багш нарын цалин нэмэх асуудлаар гурван талт хэлэлцээрт багш нарыг төлөөлдөг цорын ганц байгууллага бол Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, ажил хаялтыг зохион байгуулах ажлыг зөвхөн үйлдвэрчний эвлэлийн хороо хийнэ. Хэсэг хүмүүс нийлээд багш ажилчдыг төлөөлөх үйл ажиллагаа явагдаж байгаа. Бид нар түр хороотой хамтрах гэж оролдсон. Дөнгөж сая түр хорооны гишүүд нэгдье гэсэн байр сууриа илэрхийллээ. Өчигдөр 516 мянган төгрөгийг Засгийн газраас олгохоор боллоо гэсэн мэдээлэл түр хорооны гишүүд өгсөн. Засгийн газраас төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгохыг өчигдөр дэмжсэн. Харин үлдсэн 216 мянган төгрөг нь үр дүнгийн урамшууллын мөнгө юм. Багш нар 2008 оноос эхлээд авч эхэлсэн үр дүнгийн урамшуулал буюу үндсэн цалингийн 45 хувийн нэмэгдэл урамшуулал жил бүр олгодог. Энэ нь тодорхой журам шаардлагыг хангасан журмын дагуу явдаг. Уг журмыг дөрөвдүгээр улиралд бүх хүнд тэгшитгээд 36 хувь олгоё гэсэн саналыг БСШУСЯ-аас тавьж байгаа. Ажил хаялт хэзээ үр дүнд хүрнэ тэр үед ажил хаялтыг зогсооно.
Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Ж.Батзориг
Өнөөдрийн байдлаар БСШУСЯ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэг асуудлын талаар ярьж байгаа боловч, эцэслэн шийдсэн бодитой үр дүн гараагүй байна. Зарим ХМХ, хөдөө орон нутгаар ажил хаялт болохгүй гэсэн ташаа мэдээлэл гарч байна. Тиймээс арваннэгдүгээр сарын 13-наас ажил хаялт зарлах байр суурь хэвээрээ байгааг бид мэдэгдэж байна.
Багш нарын цалинг нэмүүлэх түр хороо өчигдөр мэдээлэл хийхдээ “Багш нарт 500 мянга гаруй төгрөгийн урамшуулал олгох болсон” гэсэн ташаа мэдээлэл хийсэн. Энэ мөнгөний 300 мянгыг 2017 оны төсөвт төрийн албан хаагчдын орлогыг нэмэхэд тусгасан 55 тэрбум төгрөгөөс олгох юм.
Харин 200 мянга нь 2008 онд МҮЭХ-ноос БСШУСЯ-тай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд улирал тутамд олгодог урамшуулал. Тиймээс энэ бол багш нарын орлогыг нэмэхэд чиглэсэн алхам огтоос биш юм. Бид үндсэн цалингаа 50 хувиар нэмэх хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлэх болно” гэв.