Байгаль хамгаалагчид энгэрийн камертай болно

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат байгаль хамгаалагч нарыг энгэрийн камераар хангаж, шаардлага биелүүлдэггүй, зөрчил гаргагчдыг баримтжуулж олон нийтийн цахим сүлжээгээр түгээхээс эхлээд томоохон хэмжээний зөрчлийг дроны тусламжтайгаар илрүүлдэг дэлхий нийтийн жишигтэй хөл нийлүүлэн алхах цаг болсныг хэлжээ.

Тэрбээр тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын дарга нартай уулзаж, шинэ Засгийн газар хууль дүрмийг хатуу чанга баримтлан ил тод, олон нийтэд нээлттэй ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.

Томоохон хэмжээний зөрчлийг дроны тусламжтайгаар илрүүлдэг дэлхий нийтийн жишигтэй хөл нийлүүлэн алхах цаг болсон

Байгаль хамгаалагчдын тавьсан шаардлагыг биелүүлдэггүй хэрнээ олон нийтэд буруу, зөрүү мэдээлэл түгээдэг иргэдийн асуудлыг техник технологийн хүчээр шийдэх ёстойг ч тэрбээр онцолсон байна.

Энэ бүхнийг эхлүүлэхэд цаг хугацаа, санхүүжилтийн асуудал тулгамдах ч олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран байгаль хамгаалагч нарын хөдөлмөрийг хөнгөвчлөх эхлэлийг тавихын төлөө ажиллана гэжээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын дундаас Ханхөхийн тусгай хамгаалалттай газрын дарга газар нутгийн хэмжээг нь тэлэх асуудалд анхаарал хандуулж, энэ удаагийн УИХ-ын чуулганаар батлуулж өгөхийг хүссэн.

Мөн Их богдын тусгай хамгаалалттай газрын дарга захиргааны байртай болгож өгөх санал тавьж байлаа. Уулзалтын дараа Н.Цэрэнбат сайд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансарт үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа захиргаадын дарга нарын асуудлыг цэгцлэхийг үүрэг болгожээ.

Эх сурвалж: БОАЖЯ

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …