Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинээр авто худалдааны цогцолбор барих газартай танилцлаа. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа авто худалдааны төвүүдийг нэгтгэж авто худалдааны цогцолбор байгуулах саналыг ажлын хэсгээс нийслэлийн удирдлагуудад танилцуулж, удирдлагын зөвлөл дэмжсэнээр энэ асуудлыг НИТХ-д өргөн барихаар болсон юм. Урьдчилан төлөвлөж байгаагаар СХД-ийн 32-р хороо 22-ын товчооноос 2 км зайд байрлах 130 га газарт Авто худалдааны нэгдсэн цогцолбор байгуулах юм. Энэ нь Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын шинэ суурьшлын бүс байхаар төлөвлөгдсөн газар юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 25 га талбайд авто машин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, Буян хурах, Сутай буянт ХХК гэсэн 9 зах ажиллаж байгаа юм байна. Ойролцоогоор 8000 орчим түрээслэгчтэй эдгээр захуудаар өдөрт 6000-10000 хүн үйлчлүүлдэг нь захуудыг чиглэсэн авто замын ачаалал нэмэгдэх гол шалтгаан болж байгааг ажлын хэсгийхэн хэлж байсан юм. Түүнчлэн автомашины сэлбэг, тос, тосол зэрэг нь хөрсийг бохирдуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна гэж шүүмжлэх иргэд ч байдаг. Тиймээс авто худалдааны төвийг хотын шинэ төлөвлөлтийн дагуу нэгдсэн цогцолбор байдлаар байгуулах шаардлагтай гэж ажлын хэсгээс үзсэн байна. Авто худалдааны цогцолборт худалдаа үйлчилгээ болон офиссын барилга, авто экспо төвийг төлөвлөсөн бөгөөд тус төвд олон улсын чанартай үзэсгэлэн яармаг худалдаа зохион байгуулах боломжтой гэж үзэж байна. Мөн авто машины худалдаа, түрээсийн болон нарнаас эрчим хүч хураагчтай саравч бүхий задгай зогсоолтой байхаас гадна худалдан авагч нарт зориулан туршилт хийх боломжтой хатуу хучилттай авто зам байгуулахаар төлөвлөжээ. “Авто худалдааны цогцолбор” бүрэн ашиглалтад орсноор замын хөдөлгөөний ачаалал 20 орчим хувиар буурна гэж тооцоолж байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батална гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Санал болгох мэдээ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …