Нэгдсэн үндэстний байгууллагын төрөлжсөн байгууллага болох Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-ын Ассамблейн 30 дугаар чуулган Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотноо 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уг чуулганд Монгол Улсыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй Зам, тээврийн хөгжлийн яам, Далайн захиргаа, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцож байна.
ОУДБ-ын Удирдах зөвлөл болох Чуулган хоёр жил тутамд хуралддаг бөгөөд чуулганаар уг байгууллагын үйл ажиллагаа болон дэлхийн далайн тээврийн салбарын хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, чиг хандлагыг тодорхойлох, зохицуулах талаар гишүүн орнуудын саналыг нэгтгэхийн зэрэгцээ байгууллагын удирдах Зөвлөлд орж ажиллах гишүүн орнуудыг сонгох сонгуулийг зохион байгуулдаг.
Төлөөлөгчдийн тэргүүн Б.Цогтгэрэл чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт оролцон Монгол Улсын далайн тээврийн салбарын бодлого, үйл ажиллагааны талаар илтгэл тавьж үг хэлэв. Түүнчлэн чуулганы хүрээнд бусад улс орнуудын төлөөлөгчидтэй уулзалт хийн хоёр талын далайн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцон ажиллаж байна.
ОУДБ нь олон улсын далайн тээврийн үйл ажиллагаанд бүгдээр дагаж мөрдөх эрх зүйн орчинг бүрдүүлж мөрдүүлэх, далай тэнгис дэх аюулгүй байдлыг хангах, хүрээлэн орчныг хамгаалах, норм дүрэм, стандартуудыг боловсруулж нэвтрүүлэх бүхий дэлхийн 172 орон болон төрийн бус байгууллагуудыг гишүүнчлэлдээ багтаасан олон улсын байгууллага юм. Монгол Улс нь Олон улсын далайн байгууллагад 1996 онд гишүүнээр элсэн орж үйл ажиллагаанд нь оролцохын зэрэгцээ энэ байгуулагаас гаргасан “Далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 1921 оны Барселоны тунхаглал, НҮБ-ын “Их далайн тухай” 1958 оны конвенц, “Олон улсын далайн байгууллагын тухай” 1948 оны конвенц, “Далайн эрх зүйн тухай” 1982 оны конвенц зэрэг суурь баримт бичгүүдэд нэгдэн ороод байна.
Эх сурвалж:ЗТХЯ