Б.Бадамцэцэг:Албан хаагчдын томилгооны асуудал төрийн албаны хуулийн дагуу явагддаг


Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлаар тус байгууллагаас хийж хэрэгжүүлсэн томоохон ажил болон цаашид хийх ажлын талаар танилцуулав. Хуралд ОӨУБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайхан, Тамгын газрын дарга Б.Бадамцэцэг, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр, Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга Д.Батболд, Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Д.Болормаа, Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гантөмөр, Улсын бүртгэлийн төв архивын газрын дарга С.Оюунгэрэл, Мэдээллийн технологийн газрын дарга С.Чинбат нар оролцлоо.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар өнөөдөр улсын хэмжээнд 80 гаруй төрлийн бүртгэлийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үзүүлж, түүнд суурилсан мэдээллийн санг үүсгэн, нийтийн хүртээл болгон ажиллаж байна. Уг сан нь Монгол Улсын хамгийн том дата бааз бөгөөд 60 орчим теребайт хэмжээтэй 37 мэдээллийн сан, 400 гаруй офлайн дэд сан, сонгуулийн 2082 файл хэлбэрийн сан, 42 нэр төрлийн програм хангамж, 21 аймаг, 9 дүүрэг, 380 сум, 152 хороо, гадаад улсад суугаа элчин сайдын яамд, консулын газруудыг хамран бүрдэж, ажиллаж, ашиглагдаж байна.
Төрөөс бодлогоо болгон тавьж байгаа цахим засаглалын үйл ажиллагааг дэмжиж, Засгийн газрын түвшинд хэрэгжих “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөр болон түүний дэд хэсгүүд болох “Үндэсний ой санамж -1”, “Үндэсний ой санамж -2”,“Үндэсний ой санамж -3” төслүүдийг эцэслэн боловсруулж, үйл ажиллагааг эхлүүлээд байгаа юм. Уг хөтөлбөрүүд хэрэгжсэнээр төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй, цаасгүй, хүнд сурталгүй хүргэж, цахим засаглалыг бодитой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.

Үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх чиглэлд ахиц, дэвшил гарч байна. Үйлчилгээний хураамжийг цахим төлбөрийн системээр дамжуулдаг болж, хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай болгож, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийн бүртгэлийн системийг бий болгож, хуулийн этгээдийн бүртгэлд онлайн үйлчилгээг нэвтрүүлээд байна.
Бүртгэлийн байгууллагын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад байна.
Цаашид Монгол Улсын төр засгийн бодлого, зорилтын хүрээнд “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөр хэрэгжүүлэх замаар улсын бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, бүртгэлийн үйл ажиллагааг онлайн горимд бүрэн шилжүүлж, үндэсний цахим баримт бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг жигд тэгш авах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг томоохон ажлыг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Хэвлэлийн хурлын төгсгөлд ОӨУБЕГ-ын Тамгын газрын дарга Б.Бадамцэцэг сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Сүүлийн үед цахим орчноор ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү хамаатнуудаа ажилд авсан гэсэн мэдээлэл гарах болсон. Үүнийг тайлбарлаач ?
Сүүлийн үед төрийн албыг төрлийн алба болголоо гэх асуудал багагүй яригдаж байна. Үүний дагуу манай байгууллагатай холбоотой асуудлыг анхааралдаа авч ажиллаж байна. ОӨУБЕГ нийтдээ 1300 албан хаагчтай улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Албан хаагчдын томилгооны асуудал яг төрийн албаны хуулийн дагуу явагддаг гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Төрийн албанд нэр дэвшиж байгаа иргэдийн мэдээллийг АТГ руу илгээдэг. АТГ-аас ирсэн мэдээлийг үндэслэн томилгоог явуулдаг. Хуулиас гадуур ямар нэгэн томилгоо хийгээгүй учраас шалгуулахад ч бэлэн байна.

– Р.Содхүү дарга 7 сард гарсан Батсүмбэрийн түймрээр далимдуулж албан хаагчдаасаа 26 сая төгрөгийг хандив нэрийдлээр авч хувьдаа завшсан гэсэн яриа гарсан. Энэ ямар учиртай юм бэ ?
– Тухайн үед төрийн байгууллагууд сайн дураараа гал түймэрт нэг өдрийн цалингаа хандивлах уриа гарч байсан. Үүний дагуу манай байгууллага нэгдсэн. 7 дугаар сарын 25-наас хойш өнөөдрийг хүртэл манай байгууллага 12 нэгж салбаруудаасаа нийлээд 21 сая төгрөгийг ОБЕГ болон аймаг дахь салбаруудад хандив өргөсөн. Хандив өгсөн баримт манайд байгаа. ОӨУБЕГ-ын түвшинд ямар ч хандивын мөнгө төвлөрүүлээгүй. Энэ бол гүтгэлгийн шинж агуулсан мэдээлэл учраас хууль хяналтын байгууллагад хандаж шийдүүлнэ гэдгээ хэлмээр байна.

Эх сурвалж:Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …