Монгол Улс анх удаа хүүхдийн эрхийн Улсын байцаагчтай боллоо


Монгол Улс Ази тивд анх удаа хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх олгох сургалтыг зохион байгуулж, хүүхдийн эрхийн улсын 38 байцаагчийг бэлтгэлээ.

Тодруулбал, энэхүү сургалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Гүүд нэйборс” олон улсын байгууллагатай хамтран есдүгээр сарын 18-аас 10 дугаар сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд 21 аймаг, есөн дүүргийн нийт 38 албан хаагч хамрагдсан юм.

Тэгвэл өнөөдөр дээрх албан хаагчдад улсын байцаагчийн үнэмлэх, тамга тэмдэг гардуулах ёслолын үйл ажиллагаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хурлын танхимд боллоо.

Энэхүү ёслолын үйл ажиллагаанд ХНХ-ын сайд С.Чинзориг, дэд сайд С.Мөнгөнчимэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх болон бусад албаны хүмүүс оролцов.

ХНХ-ын сайд С.Чинзориг “Хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийг бууруулахад улсын байцаагчид чухал үүрэгтэй. Та бүхэнд хуулийн салбарт 30 гаруй жил ажилласан Г.Сүхбаатар прокуророос мэргэжил, аргазүйн зөвлөгөө авах бүрэн боломжтой. Тиймээс төрийн албан хаагчийн ёсзүйг баримталж, хүүхдийн эрхийг хамгаалахад бүхий боломжоо дайчлан ажиллахыг хүсч байна” гэв.

Хүүхдийн эрхийн улсын байцаагч нар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлийг шалгаж, зөрчил гаргасан этгээдэд торгууль ногдуулахаас гадна хүүхэд харах үйлчилгээний үйл ажиллагаанд хяналт тавих юм.

Зөрчлийн тухай хуулийн дагуу улсын байцаагч нар хүүхдийн эрхийн эсрэг 16 төрлийн зөрчилд хяналт тавих, таслан зогсоох, хариуцлага тооцох эрхтэй юм. Тухайлбал, хүүхдийг хувцас, хоол, орон байраар зориуд гачигдуулсан, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хүнсний зүйл хэрэглүүлсэн, сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол иргэнийг тавин нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Мөн хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл, сурталчилгаанд ашигласан, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах тоглоом, наадамд оролцуулсан бол хувь хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.

Түүнчлэн сургууль, дотуур байранд сурагчийг дарамталсан, ялгаварлан гадуурхсан, бие махбодод халдсан, хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд иргэнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Цаашид улсын байцаагчдын тоог нэмэгдүүлэх, сургах чиглэлд анхаарч ажиллана.

Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

 

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …