С.Чинзориг: Хөдөлмөрийн салбарт хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах шаардлагатай


“Дэлхийн банк Үндэсний статистикийн хороотой хамтран гаргасан судалгаагаар манай улсад ядуурлын түвшин 29,6 хувьд хүрч нийт хүн амын гуравны нэг нь ядуурлын түвшинд амьдарч байна гэсэн дүн гарсан. Тиймээс шинэ Засгийн газар ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад онцгой анхаарч тэргүүлэх чиглэл болгон авч явахаар шийдвэрлэсэн. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор ОУВС-тай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүн энэ онд эдийн засгийн өсөлт 5,5 хувьтай гарах төлөвтэй байгаа. Мөн төсвийн сахилга бат сайжирсан зэрэг эерэг үр дүн байгаа ч цалинг 2017-2018 онд нэмэхгүй, нийгмийн хамгааллын зарим хүрсэн түвшингөөс ухарсан заалтууд байгаа төдийгүй бага орлоготой иргэдийг эдийн засгийн хүндрэлээс хамгаалах бодлого орхигдсоныг засах зайлшгүй шаардлага байгаа” хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Мануэл Микаллерыг хүлээж авч уулзах үеэр танилцуулсан.

Тэрбээр мөн Монгол Америкийн хооронд хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлд төрийн байгууллагуудын харилцааг шинэ шатанд гаргах шаардлагатайг онцлоод энэ тал дээр ЭСЯ-наас анхаарч дэмжихийг хүссэн. Энэ нь АНУ-д олон монгол хүн сурч, ажиллаж амьдарч буй бөгөөд тэдний эрхийг хамгаалах, нийгмийн баталгааг хангах, мэдээллийн нэгдсэн сан бий болгоход чухал ач холбогдолтойг хэлсэн юм.
Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Мануэл Микаллер шинэ Засгийн газрын гишүүдтэй уулзаж хоёр улсын эдийн засгийн иж бүрэн түншлэлийг бэхжүүлэхийн төлөө хамтарч ажиллах яриа хэлцлүүдийг хийж буйгаа дуулгаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай ойр дотно харилцаж ажиллахыг хүсч байна хэмээсэн. Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар амьжиргааны түвшинг сайжруулах нь хоёр улсын харилцааны нэг чухал хэсэг гэдгийг Мануэл Микаллер яриандаа онцлоод ОУВС-гийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, эдийн засаг санхүүгийн хүндрэлээс богино хугацаанд гарахад АНУ бүх талын талын тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа гэлээ. Мөн тэрбээр тун удахгүй Мянганы сорилтын сангийн хоёр дахь төсөл хэрэгжиж эхлэх гэж буйг дуулгаад төслийн хүрээнд Монголын нийгэм, эдийн засагт үр дүнгээ өгч монголчуудын эрүүл мэнд, аюулгүй амьдралд өөрчлөлт авчрах олон чухал ажлууд хийгдэх нь дамжигггүй гэсэн юм. Солонгосын хойгийн асуудлыг энх тайвны замаар шийдвэрлэх, үүссэн аюул заналыг арилгахад Монгол Улсын авч байгаа эерэг алхмуудад Вашингтон талархалтай хандаж байгааг Мануэл Микаллер онцлоод барууны зарим хэвлэлд гарч буй Хойд Солонгосын ажиллагсдыг энэ оны эцэст бөөнөөр нь гаргана гэсэн мэдээллийг бодитой эсэхийг тодруулж байлаа.

С.Чинзориг сайд Монгол Улс НҮБ-ын тавьсан хоригийг хүндэтгэн БНАСАУ-ын ажиллагсдын хувьд хөдөлмөрийн гэрээ дууссан тохиолдолд сунгахгүй, шинээр ямар нэг гэрээ байгуулахгүйгээр асуудлыг шийдсэнээр ирэх 2018 оны зургадугаар сар гэхэд одоо ажиллаж байгаа 1100 гаруй хүн бүрэн гарч дуусахаар байгааг хэлээд бөөнөөр нь буцаах тухай ямар нэг яриа огт байхгүйг хэлсэн юм.

Уулзалтын үеэр АНУ руу ажиллах хүч гаргах асуудлаар санал солилцсон бөгөөд түр хугацаагаар хөдөлмөрлөх эрхтэй H-2 ангиллын визийг урт хугацаагаар олгох замаар монгол залуусыг АНУ-д ажиллах боломж олгох хүсэлтэй байгаагаа С.Чинзориг сайд илэрхийлсэн. Хэргийг түр хамаарагч энэ төрлийн визний талаар Вашингтонд санал тавьсан, хариуг нь шинэ оны эхэнд авч монголчуудыг хамруулах боломжтой эсэх нь шийдэгдэнэ гэлээ. Гол бэрхшээл АНУ-д ажиллаж буй монголчуудын дийлэнх нь хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаатай холбоотой гэдгийг ч ярьж байлаа. Тиймээс ГХЯ-тай хамтран хариуцлагатай аялах санаачлагыг өрнүүлж эхэлжээ.

ХНХЯ

 

 

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …