Монгол Улсын 21 аймгийн удирдлагуудыг хамруулсан Байнгын хорооны анхны цахим хуралдаан боллоо


Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны  өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 21 аймгийн удирдлагуудыг хамруулсан анхны цахим хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

Хуралдаанаар Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонсох тухай асуудлыг хэлэлцэв.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, тус Байнгын хороонд иргэдээс ашигт малтмал, уул уурхайн ашиглалт болон хайгуулийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас газрын эвдрэл үүсч, нөхөн сэргээлт хийгдээгүйн улмаас тоос шороо босч, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөн, ундны усны хомсдол үүсч, Монгол Улсын Үндсэн хуулинд заагдсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдаж байгаа талаар дурдсан өргөдөл олноор ирж, хяналт шалгалт хийлгэх, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах, учирсан гэм хорыг арилгуулах, Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх, уул уурхай, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цөөрүүлэх, бэлчээр нутгийг хамгаалах, байгаль орчныг нөхөн сэргээх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, эрх зүйн орчныг сайжруулах зэрэг хүсэлтүүдийг гаргасан.

Дээрх иргэдийн өргөдлийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн, Г.Мөнхцэцэг нарт хуваарилан ашигт малтмал уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, сайжруулах асуудлыг судалж Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд хэлэлцүүлэн Байнгын хорооны 05 дугаар тогтоол гарч 10 үүрэг бүхий чиглэлийг Монгол Улсын Засгийн газарт өгсөн болно гэлээ.

Ингээд Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Тогтоолын биелэлт ирүүлэх тухай” 7/10365 тооот албан бичгийг бүх аймаг, холбогдох байгууллагуудад хүргүүлсний дагуу өнөөдөр 21 аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, Тамгын газрын удирдлагууд цахим хуралдаанд оролцож тус Байнгын хорооны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийв.

Тухайлбал, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал хийсэн мэдээлэлдээ, өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 14 сумын нутаг дэвсгэрт 58,262.04 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 52 аж ахуйн нэгжийн 84 тусгай зөвшөөрөл, 15 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 505,562.93 га талбай буюу 75 аж ахуйн нэгжийн 100 хайгуулын зөвшөөрөл олгогдсон байна. 2017 онд аймгийн хэмжээнд 15 аж ахуйн нэгж ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа, 11 аж ахуйн нэгж хайгуулын үйл ажиллагаа явуулсан. Үүний дотор иргэдийн эсэргүүцэл гомдолтой тулгарсан хэд хэдэн аж ахуйн нэгжүүд байна. Тухайлахад, Баянхонгор аймгийн Заг сумын нутаг дэвсгэрт 390 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг нэгэн компанийн үйл ажиллагааг зогсоох талаар иргэд удаа дараа хүсэлт ирүүлсний дагуу ажлын хэсэг томилж, тус ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг аймгийн Засаг даргын Зөвлөл, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлэв. Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал уламжлах тухай” 47 дугаар тогтоолыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудад хүргүүлсэн болно. Иймд аймгийн Тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Зарим газар нутгийг аймгийн тусгай хамгаалтад авах тухай” 130 дугаар тогтоол гарч, тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай албан тоотыг холбогдох дээд шатны байгууллагуудад хүргүүллээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн “Нөхөн сэргээлтийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын дагуу 2019 оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд эвдэрсэн газруудын нөхөн сэргээлтийг дуусгаж дахин үйл ажиллагаа явуулахгүй байхаар шийдвэрлэсэн бөгөөд мөн хугацаанаас хойш зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг байх болно гэж танилцуулав.

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, “Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого хийх ажлын удирдамж”-ийн дагуу аймгийн Засаг даргын 2017 оны А/137 тоот захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг тооллого судалгааны ажлыг орон нутгийн холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэ оны 05 дугаар сарын 22-ноос 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллалаа. Тооллогын дүнгээр нийт 415.26 га талбайд эвдрэлд орж орхигдсон бөгөөд 371.26 га талбай гар аргаар хууль бусаар ашигт малтмал /алт, нүүрс, анар/ олборлох, 37.96 га нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу уул уурхайн олборлолтод, 2.58 га нь овоолгод дарагдсан, 3.46 га талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмал /хайрга/ техникээр олборлох үйл ажиллагаанд тус тус өртсөн. Нийт талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай эсэх талаар ангилан авч үзвэл 305.64 га-д шаардлагатай, 109.62 га-д шаардлагагүй гэсэн дүгнэлт хийгээд байна. Энэ онд нөхөн сэргээлтийн ажлыг 11 га-д төрийн бус байгууллагуудаар хийлгэж хүлээн авав. Хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг тухай бүр нь зогсоох арга хэмжээ авсны дүнд Улсын байцаагчийн албан шаардлага 3, үйл ажиллагааг зогсоох акт 2, нөхөн төлүүлэх тухай акт 2, нөхөн төлбөрт 3.9 сая төгрөг, мөн 11.4 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч, барагдуулан ажиллалаа гэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тус Байнгын хорооны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт орших ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд газар дээр нь ажилласан талаар танилцуулав. 2017 оны 05 дугаар сарын 23-ны байдлаар Цэнхэр сумын нутаг дэвсгэрт 17 ашиглалтын тусгай зөвшөөрөл байгаагаас бүгд алтны нөөцтэй талбай. Газар дээр нь очиж танилцахад бүх талбайн хэмжээнд эвдрэлд орсон ба ашиглалтын үйл ажиллагаа явуулагүй байсан ч хөрс нь хөндөгдсөн, олон тооны нуур далан байгуулагдсан учир бороо хур орох болон уулын ус буух тохиолдолд голын ус нь бохирдолд ордог байна. Иймд тус талбайн хэмжээнд хамгаалах нуур далан хийлгэж, нөхөн сэргээлт хийх шаардлагатай гэж үзсэн. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчийн дүгнэлт гарсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон цуцлах арга хэмжээ авч болно хэмээсэн санал, дүгнэлтийг танилцуулав.

Цахим хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцад Дорноговь аймгийн Даланжаргал сумын “Алаг толгод”, “Гашуун” зэрэг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласныг цуцалж өгөхийг хүссэн иргэдийн өргөдлийн дагуу Өргөдлийн байнгын хороо Ашигт малтмал, газрын тосны газартай хамтран ажиллаж тус газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/199 тоот тушаалаар сонгон шалгаруулалтыг цуцалсан хэмээн танилцуулав.

05 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, А.Сүхбат, Ц.Гарамжав нар хобогдох албан тушаалтнуудаас тодруулга авч, тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж нь байгаль орчны нөхөн сэргээлтийг зайлшгүй хийх ёстой талаар байр сууриа илэрхийлж байв.

Харин УИХ-ын гишүүн А.Сүхбат аймаг, сумдын ай сав газрыг маш ихээр сүйтгэсэн байдал өнөөдөр газар авч байна. Иймд төр гэж юу байдаг, төрийн зангарагыг харуулах цаг болсон. Нөхөн сэргээлтийг үлгэр жишээ гүйцэтгэдэг зарим аж ахуйн нэгжүүд байдаг, эдгээр байгууллагуудад эрхийг нь олгож, дэмжиж ажиллах нь чухал болохыг хуралдааны үеэр онцлож байлаа.

Мөн УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан салбарынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, УИХ-ын гишүүдийн асуултад тайлбар өгөв.
Аймгуудын удирдлага тулгамдаж буй асуудлаа танилцуулахын зэрэгцээ цаашид анхаарах асуудлын талаар саналууд мөн хэлж байлаа. Тухайлбал, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, төрөөс санхүүжилт гаргаж экологийн хохирлыг тооцдог нэгж байгуулах саналтай буйгаа илэрхийлэв.

Ийнхүү Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд болон хуралдаанд оролцсон албан тушаалтнуудаас гарсан саналуудыг тусгаж Монгол Улсын Засгийн газарт Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгөхөөр тогтлоо.

УИХ-ын гишүүд болон аймаг, яам, агентлагуудын удирдах албан тушаалтнууд өнөөдрийн цахим хуралдаан үр дүнтэй болсныг тэмдэглэж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд нэн ач холбогдолтой болохыг дурдаж байлаа.
Өнөөдрийн 21 аймгийн удирдлагуудыг хамруулсан цахим хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын удирдах албан тушаалтнууд оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …