Богд хаан Монголын тусгаар тогтнолд чухал нөлөө үзүүлсэн

Монгол улс тусгаар тогтноод 106 жил болжээ. Үүнтэй холбогдуулж Гандан тэгчилэн хийд болон ШУ-ны академи хамтран “Монголын шашинд Богд хааны гүйцэтгэсэн үүрэг” нэртэй ОУ-ын хурлыг зохион байгуулсан байна. Энэ үеэр лам нар болон судлаач эрдэмтэд Монгол орон тусгаар тогтноход Богд хаан ихээхэн үүрэг гүйцэтгэсэн болоод Монголчуудын эв нэгдэлд Бурхны шашин өндөр ач холбогдолтой болохыг онцолсон.

1911 оны 12 сарын 29-ний өдөр монголчууд манж гүрний эрхшээлээс салж 200 гаруй жилийн дараа бие даан тусгаар тогтносноо дэлхий дахинд албан ёсоор тунхаглан зарласан. Мөн өдрийн морин цагт өлзий учрал бүрдсэн Бурхны шашны тэргүүн Богдыг Монгол Улсын эзэн хаанд өргөмжлөх төрийн их ёслолд Монголын хан, ван, гүн зэрэг ноёд, лам хувраг, хүрээнд сууж байсан гадаадынхан зэрэг олон хүн оролцсон байдаг.

Ноёдоосоо эгэл ардаа хүртэл магнай тэнийтэл баярласан эл түүхэн баярт үйл явдал өглөөнөөс орой нар шингэх хүртэл үргэлжилж, ёслолд оролцсон хийгээд сэтгэл санаа нэгтэй монголчууд цэнгэлийн манлай эдэлсэн билээ. Богд гэгээн Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөгдөөд буулгасан анхны зарлигаараа Монгол Улсын Засгийн газрыг таван яамтай эмхлэн байгуулжээ.

Улмаар тулгар төр байгуулах хэрэгт үнэнхүү сэтгэлээр зүтгэсэн Да лам Г.Цэрэнчимэд, Чин ван М.Ханддорж, гүн Намсрай, бэйс Гомбосүрэн, түшээ гүн Чагдаржав нарыг яамдын сайдаар тохоон тавьж, 60-70 настан бүрт гурван лан, 80-90 настан бүрт зургаан лан, 90-100 настанд есөн лангийн хишиг хүртээжээ.

Мөн шоронд хоригдсон бүх хоригдлыг сулласан байна. Ийнхүү эзэн Чингисийн байгуулсан Их Монголын гал голомт сэргэж, Ази тивд Монгол Улсын шинэ түүх эхэлжээ. Энэ өдрөөс хойш Богд хааны зарлигаар монголчууд үндэсний хувцас өмсөж, харийн бүх зүйлийг хэрэггүй гэж үзэв. Монголын төрийн тамга, төрийн бүхий л зүйлс заавал монгол бичгээр бичигдэхийг зарлигдсан байна.

Богд хааны тамганд зөвхөн монгол бичиг хэрэглэхийн зэрэгцээ хааны хувцас, төрийн түшмэдийн өмссөн зүүсэн бүхэн монгол байхыг зарлиг буулгажээ. Түүнчлэн алтан ургийн хэлхээ тасраагүй явж ирснийг түүх шастирт бич хэмээн зарлиг буулгав. Богдын зарлигаар бүтээсэн ноёдын уг шастир Эзэн Чингисээс ХХ зууны хориод он хүртэл хэдэн үе дамжин ирснийг шастирт буулгаж үлдээсэн юм.

 


Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …