Комиссар Л.Нанзад: Дарга ер нь 4-5 цаг л амардаг байсан

“… Дарга хэдэн цагт унтаснаасаа үл хамаараад өглөө яг 6.00 гэж босно. Ингээд 7:30 гэж ажилдаа ирээд, 10-15 минут дасгал хийнэ. Бид ч хийдэг байлаа.

Дарга бидэнд хандаж “Өдөржингөө ажиллах хүмүүс өглөө заавал дасгал хийж, биеэ бэлдэх хэрэгтэй. Гэхдээ тодорхой ном журмынх нь дагуу хийх ёстой шүү. Дасгал хийж байна гээд хаа хамаагүй юм хийвэл эм биш хор болно” гэж байнга захидаг байлаа.

Дасгал хийж дууссаны дараа өдөр тутмын тогтмол хэвлэлүүдээ уншчихаад, хэзээ дуусах нь үл мэдэгдэх их ажил руугаа ханцуй шамлаад л орно шүү дээ. Бид ч тус тусын байрандаа очиж, хийх ёстой ажлуудаа хийж эхэлнэ. Бүх дарга нарын өрөөнд ийм маягаар л шинэ өглөө эхэлнэ дээ. Саарал ордонд ажил буцлах шиг болдог байлаа…

Харин өдөржин ажиллаж, ажил тарах үе болоход ганцхан бид л хэзээ тарахаа үл мэдэн үлддэг байв. Цэдэнбал дарга их сууна. Шөнө дөл болтол сууж ажиллана. Бид ч даргыг дагаад сууна шүү дээ. Өдрийн цайны цаг номоороо бол нэг цаг үргэлжлэх ёстой байтал, Цэдэнбал дарга дээд тал нь ердөө 10 минут л болно. Цайндаа орсон болоод шууд л ажилдаа орно. Шөнө хамгийн эртдээ 12 гэж тарна. Ер нь бол ихэнхдээ шөнийн 1 цаг хүртэл ажилладаг байв. Дарга ер нь 4-5 цаг л амардаг л байлаа. Үнэхээр хөдөлмөрч, асар их зүтгэлтэй, дэндүү их ажилладаг хүн байлаа. Ингэж ажилласных нь үр дүнд ямар байгаад, ямар боллоо?

Ёстой л жинхэнэ улсын төлөө төрчихсөн хүн байсан. Харин эцэст нь энэ хүн яаж хохирлоо? Шүүсээ шахаж, чөмгөө дундартал зүтгэснийх нь хүчинд бид үндэсний их сургуультай, бичиг үсэгтэй, соёлтой боловсролтой, хоттой үйлдвэртэй болсон шүү дээ. Үүнийх нь хариуг харин яаж барив? Асар их ажиллаж, асар их хөдөлмөрлөдөг, жинхэнэ ард түмнээ гэсэн удирдагч байлаа. Ю.Цэдэнбал гэж ийм л хүн байсан юм” гэж Л.Нанзад комиссар дурсан бичиж байжээ.


Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …