Мал, амьтны гоц халдварт өвчний талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.
Мал, амьтны гоц халдварт өвчнүүдээс шүлхий, хонины цэцэг, бог малын мялзан өвчнүүд 2017 онд бүртгэгдсэн.
Шүлхий: 2017 оны 01 сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд бүртгэгдсэнээс хойш Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Төв, Дундговь, Сэлэнгэ аймгийн нийт 41 сум, нийслэлийн нэг дүүрэгт шүлхий өвчин оношлогдож нийт 830 – аад өрхийн 9,900 (үхэр – 7,565, хонь – 1,423, ямаа – 915, гахай – 232) гаруй толгой мал, амьтан шүлхий өвчний эмнэлзүйн ил шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 9,452 (үхэр – 7,525, хонь – 1,215, ямаа – 712, гахай – 232) толгой мал, амьтныг зориудын устгалд хамруулсан байна.
Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Сэлэнгэ аймгийн Мандал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдад хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2017 оны 11 сарын 17-ны өдөр шүлхий өвчин оношлогдсоноор тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Мандал суманд 1,344 толгой үхэр шүлхий өвчний эмнэлзүйн ил шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, 9,351 толгой үхэр, 1,831 толгой гахай, нийт 11,182 толгой мал, амьтныг 100% вакцинжуулаад байна.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх вакциныг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх “Мал эрүүлжүүлэх хөтөлбөр” II дахь шатны төслийн хүрээнд 2.6 сая тун вакцин тусламжаар, 4.8 сая тун вакциныг нэн хөнгөлөлттэй үнээр 3.0 тэрбум төгрөгөөр худалдан авч голомттой болон эрсдэл бүхий Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон нийслэлийн нийт 12.8 сая толгой мэдрэмтгий вакцинжуулжуулалтад хамруулаад байна.
Өнөөдрийн байдлаар намрын вакцинжуулалтын арга хэмжээний эхний ээлжийн вакцинжуулалт бүрэн дуусч, давтан вакцинжуулалт Хэнтий аймагт 90.0%, Дорноговь аймагт 43.1%-тай хэрэгжиж байна. Бусад аймгуудын хувьд вакцинжуулалтын арга хэмжээ дуусаад байна.
Шүлхий өвчний оношийг ДМАЭМБ-ын шүлхий өвчний лавлагаа лаборатори болох Англи Улсын Пирбрайтын лаборатори, ОХУ-ын Бүх холбоотын мал, амьтны эрүүл мэндийн төв зэрэгт илгээн баталгаажуулсан.
Бог малын мялзан: 2017 онд бог малын мялзан өвчний нийт 11 тохиолдол бүртгэгдсэнээс Увс, Говь-Алтай, Ховд, Сүхбаатар зэрэг 4 аймгийн тус бүр нэг сумын нэг малчин өрхийн малд, зэрлэг амьтны тохиолдол Ховд, Говь-Алтай, Увс зэрэг 3 аймгийн нийт 7 суманд Монгол бөхөн, Янгир, Аргал, Хар сүүлт зэрэг амьтдад оношлогдсон байна. Сүүлийн тохиолдол Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 2017 оны 11 сарын 14-ний өдөр бүртгэгдсэн байна. Зориудын устгалын арга хэмжээ хэрэгжүүлээгүй байна.
Бог малын мялзан өвчнөөс сэргийлэх 15.0 сая тун вакциныг Засгийн газрын 2017 оны 257 дугаар хүрээнд ОХУ-ын Бүх холбоотын малын эрүүл мэндийн үндэсний төвөөс нэн хөнгөлөлттэй үнээр худалдан авч, баруун бүсийн Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн нийт 72 сумын 4.8 сая толгой бог малыг 96.2%-ийн гүйцэтгэлтэйгээр вакцинжуулалтад хамруулж дуусаад байна. Бог малын мялзан өвчнөөс сэргийлэх вакцинаас 10.6 сая тун вакциныг 2018 оны вакцинжуулалтын арга хэмжээнд хэрэглэхээр нөөцөд аваад байна.
Хонины цэцэг: 2017 онд нийт 9 аймгийн 37 суманд бүртгэгдсэн.
ОХУ-ын Бүх холбоотын мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах төвөөс 2016 оны 12 дугаар сард 23.6 сая тун вакциныг нэн хөнгөлөлттэй үнээр худалдан авч, 2016 оны 12 дугаар сарын сүүлчээс вакцинжуулалтын арга хэмжээг хэрэгжүүлснээр нийт 15 аймгийн 24.3 сая толгой хонийг вакцинжуулж дууссан. Хонины цэцэг өвчний сүүлийн тохиолдол 2017 оны 07 сард Дундговь аймгийн Өлзийт суманд бүртгэгдсэнээс хойш хонины цэцэг өвчин дахин малд халдварлаагүй.
Эх сурвалж: ХХААХҮЯ