Хэнтий, Дорноговь аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх давтан вакцин хийгдэж байна


2017 оны 01 сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд бүртгэгдсэнээс хойш Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Төв, Дундговь, Сэлэнгэ аймгийн нийт 41 сум, нийслэлийн хоёр дүүрэгт шүлхий өвчин оношлогдож нийт 838 өрхийн 9,953 (үхэр – 7,595, хонь – 1,439, ямаа – 919) толгой мал, амьтан шүлхий өвчний эмнэлзүйн ил шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 9,487 (үхэр – 7,555, хонь – 1,220, ямаа – 712) толгой мал, амьтныг зориудын устгалд хамруулсан байна.

Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Сэлэнгэ аймгийн Мандал, Дорноговь аймгийн Даланжаргалан, Их хэт, Дундговь аймгийн Баянжаргалан сумдад хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2017 оны 11 сарын 17-ны өдөр шүлхий өвчин оношлогдсоноор тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Мандал суманд 1,344 толгой үхэр шүлхий өвчний эмнэлзүйн ил шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, уг сумын 9,351 толгой үхэр, 1,831 толгой гахай, нийт 11,182 толгой мал, амьтныг 100% вакцинжуулаад байна.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багт 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүлхий өвчин үхэрт оношлогдсон. Нийт 3 өрхийн 74 үхэр өвчилсөныг устгалд хамруулан, ариутгал халдваргүйтгэл хийж хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж байна. 2017 оны 12 сарын 13-ны өдрөөс хойш мал өвчлөөгүй байна.

Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, Иххэт суманд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүлхий өвчин хонинд оношлогдсон. Нийт 4 өрхийн 11 хонь, 4 ямаа өвчилж, тусгаарлан ариутгал халдваргүйтгэл хийж хорио цээрийн дэглэм тогтоон вакцинжуулалтын арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Дундговь аймгийн Баянжаргалан суманд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үхэрт шүлхий өвчин оношлогдсон. Голомтод 6 өрхийн 21 толгой үхэр, 5 толгой хонь өвчилснийг устган, ариутгал халдваргүйтгэл хийж, хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.

2017 онд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх вакциныг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх “Мал эрүүлжүүлэх хөтөлбөр” II дахь шатны төслийн хүрээнд 2.6 сая тун вакцин тусламжаар, 4.8 сая тун вакциныг нэн хөнгөлөлттэй үнээр 3.0 тэрбум төгрөгөөр худалдан авч голомттой болон эрсдэл бүхий Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон нийслэлийн нийт 15.8 сая толгой мэдрэмтгий малыг вакцинжуулалтад хамруулаад байна.

Өнөөдрийн байдлаар намрын вакцинжуулалтын арга хэмжээний эхний ээлжийн вакцинжуулалт бүрэн дуусаж, давтан вакцинжуулалт Хэнтий аймагт 96.4%, Дорноговь аймагт голомтын болон сэжигтэй бүсийн вакцинжуулалт 36.3%-тай хэрэгжиж байна. Бусад аймгуудын хувьд вакцинжуулалтын арга хэмжээ дуусаад байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …