Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст ахиухан цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2017 оны 12 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ,цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон,Улз голын хөндийгөөр 11-16 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа голын сав, Дорнод, Даргангын талаар нутгаар 6-11 хэм хүйтэн, Олон нуурын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 7-9 хэм хүйтэн байна.