Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ!
Цагийн зүү 12-ын тоог голлож, хуучин оноо үдэж, шинэ оноо угтах мөч ойртож байгаа энэ цаг үед Монгол Улсын зүрх нь болсон Нийслэл хотынхоо нийт иргэддээ баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Хотын дарга гэсэн хариуцлагатай албанд томилогдон ажилласнаас хойш яг нэг жил зургаан сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд засаг даргын мөрийн хөтөлбөрөө батлуулан, хэрэгжүүлж эхлээд байна. Улиран одож буй 2017 он Нийслэлийн хувьд “ Иргэнээ дээдэлсэн” “ Эрх зүйн шинэтгэлийг хийхийг чармайсан он тоолол байлаа. Сая гаруй хүн амтай хотын хувьд салбар бүрийн хөгжлөөс гадна Улаанбаатар гэсэн их айлын өөдлөх зам, хөгжих жимийг дардан болгохын төлөө Нийслэлийн удирдлагын шинэ баг чармайн ажиллаа.
Үүний үр дүнд шинэ ондоо бид Нийслэл хотоо өр төлбөргүй хот болгон угтаж байгаа баяртай мэдээ дуулгахад таатай байна. Өртэй хүн өөдөлдөггүй, Өттэй мод нахиалдаггүй гэсэн үг бий. Тиймээс ч бид аж ахуй нэгж компаниуд болон нийслэлийн төр захиргааны байгууллагын хооронд үүсээд авсан өр авалгыг тэгэлж чадлаа.
Түүнчлэн Утаагүй Улаанбаатар болгохын төлөө тууштай ажилласны үр дүнд сүүлийн 26 жилийн түүхэнд байгаагүйгээр анх удаа нийслэл хотод шилжин ирэх хөдөлгөөн болон гарах хөдөлгөөн тэнцэж, яндангийн тоог бид нэмэгдүүлсэнгүй. Засгийн газар, яамдтай, гадны байгууллагатай хамтран ажилласнаар Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүд агаар шүүгчээр 100 хувь хангагдах боллоо.
Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг үр дүнтэй хийснээр Ерөнхий боловсролын 10 сургууль, 13 цэцэрлэг 2017 онд шинээр үүдээ нээж, 10 мянгаар суудлын тоогоо нэмэгдүүллээ. Эмнэлгүүдийн гадна тохижилтонд эрс шинэчлэл хийж, онгоц буух зурвас хийж, авто зогсоол, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ.
Хагас 100 жилийн настай гүүрүүдийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын шанг татаж, авто замын уулзваруудыг өргөтгөлөө гээд 2017 онд Нийслэлчүүд бид хийсэн ажил арвин жил байлаа. Нийслэлийн бүтээн байгуулалт, нийгмийн ажил бүрийн ард иргэн, аж ахуй нэгж, та бүгдийн минь дэмжлэг байдаг учраас хот маань өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байна. Ирэх онд хөгжлийн Эрчимтэй хурдаа бид алдахгүй ажиллана. Олон кран ажиллаж, олон хүн ажлын байраар хангагдсан жил болно гэдэгт итгэлтэй байна.
Нийслэлчүүддээ шинэ жилийн баярын мэнд хүргэе!
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд