“Үнэний тухай ярилцъя” цуврал ярилцлагын булангийн ээлжит зочин бол “Гэрээ гийгүүлье!”, “Уй гашууг даван туулахуй” цуврал лекцүүдийн удирдагч, урлаг судлалын доктор, “Гоодаль” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Цогтын Амгалан байв.
Түүнтэй бид гэр бүл, эмэгтэйчүүд, нийгмийн амьдралын талаарх Үнэний тухай ярилцахаар хичээлээ.
БИ ТАЧААЛЫГ ХАЙР ГЭЖ АНДУУРААД АМЬДРАЛЫНХАА ТАЛЫГ БАРСАН БАЙНА
– Би таны цуврал лекцүүдэд суусны дараа “Аз жаргалтай эмэгтэй гэж ямар эмэгтэйг хэлээд байна вэ?” гэдгээр ярилцлагаа эхэлье гэж бодлоо.
– Аз жаргал байдаг уу гэвэл мэдээж байгаа. Гэхдээ бидний төсөөлдөг шиг тийм хэлбэрээр байдаггүй. Мөнхийн эрч хүчтэй эрүүл, саруул, элэг бүтэн, бүх юм сэтгэлчлэн бүтээд байхыг бид аз жаргал гэж ойлгоод, үргэлж тийм байлгах гээд зүтгэх нь бий.
Гэтэл амьдрал ямагт тодорхойгүй, тогтворгүй, найдваргүй. Нөхөр анхных шигээ дурласан хэвээрээ, хүүхдүүд өөгүй өв тэгш, “амьдрал үргэлж сайхнаараа”-гийн араас хөөцөлдсөөр эцэстээ бид хамаг тамираа барж туйлдсан золгүй амьтад болдог. Ямар ч хөрөнгөтэй, чадал чансаатай хүн байсан, үр хүүхдэдээ “Ай даа, хорвоо хатуу шүү, амьдрал хэцүү шүү” л гэж хэлдэг. Мөнгөнөөс өөр чухал зүйл гэж байдаг, эрх мэдэл ид хаваар бүх юмыг болгож болдоггүйг бид мэддэг.
Тэр амьдралын хясал гасланг хөндүүр багатайхан туулах хат ухааныг, зовлонгоос дээгүүр давж гарах оюуны өндөр чадварыг л аз жаргал гэж би ойлгож байна.
– Аз жаргалтай амьдралын нууц жор бол энэ чадвар юм байж. Тэгээд энэ чадварыг хаанаас олж хэрхэн өөртөө суулгах вэ?
– Би олон удаа мухардаж, цөхөрч байсан. Надад амар заяа үзүүлэхгүй байсан асуултуудыг аргалах гээд би өнгөлөг, хөнгөлөг юманд төөрөөгүйдээ баярладаг.
Би хариулт хайж, асар олон зохиол бүтээл уншсан, их хэмжээний материалтай бүх боломжийн аргаар танилцсан. Эцэст нь миний олж мэдсэн ганц зүйл бол “Хүмүүст зовлон үргэлж байна. Тэр асуудал дээр нь тоглолт хийж, “Таныг жаргалтай болгоод өгье” гэх санаатай ба санаагүй, өөрөө будилчихсан мэхлэгчид 99% нь байдаг юм байна” гэдгийг олж харсан явдал юм.
Би сэтгэл зүйч, бүр сэтгэцийн эмч нар, дасгалжуулагч, зөвлөх, нийгэм судлаач, янз бүрийн бясалгалын багш нар гээд л нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон хүнд хандаж байлаа. Одоо миний ярьж байгаа зүйлс бол яг өөрийн амьдралаараа миний үзэж туулсан, туршлагаараа баталсан ухаарал. Тэгэхээр би өөр дээрээ л жишээ авч чиний асуултад хариулъя.
Би их уран сэтгэмжтэй, урлагийн хүн. Үүнд олон давуу тал бий. Аюултай тал нь уран сэтгэмжтэй хүн бодит байдлыг гажуудуулж хардаг, нүцгэн амьдралыг горьдлого хүлээлтээр гоёж, өөрийн харилцаануудыг хийсвэрээр үнэлдэг. Хариуд нь дандаа урам хугаралт гомдол гутрал л ирдэг. Өнөөх уянгын халилаараа улам бүр хөндүүрлэн шаналдаг. Юуны түрүүнд би яг юу хүсээд байна вэ, тэр хүсэл биелэх боломжтой юу, биеллээ гээд би тэгш жаргалтай болох уу, олдсон тэр жаргал ахиж хэзээ ч алдагдахгүй юу гэдгийг өөрөө өөртөө тодорхойлж чадвал зарим зүйлээс татгалзах, заримыг хүлээн зөвшөөрөх, заримыг тэвчихээс аргагүй юм байна гэдгийг олж харах байх. Энэ бол аз жаргалыг олох замын эхэн болно. Тэр нүдийг өөрөө л нээнэ. Өөр ямар ч хувилбар байхгүй.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу