М.Мөнхбаатар:Бид улс төрийн хугацаатай амлалтын золиос болж байна

УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн хувьцааг төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргасан гэж Засгийн газрын нэр бүхий гишүүд мэдээлэл хийсэн юм. Тус мэдээлэлтэй холбогдуулан “Монголын зэс корпораци” ХХК-иас хариу мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд “Монголын зэс корпораци” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар “Өчигдөр Засгийн газрын нэр бүхий гишүүд хэвлэлийн хурал хийж манай компанийг Засгийн газартай гэрээ хийсэн мэтээр мэдээлсэн. “Монголын зэс корпораци “Засгийн газартай ямар нэгэн гэрээ хийгээгүй. Бид улс төрийн хугацаатай амлалтын золиос болж байна.

Өнгөрсөн дөрөв дэхь өдөр Засгийн газар гэнэт хурал хийж шийдвэр гаргаж байгаа нь бас амлалттай холбоотой. Засгийн газар шийдвэр гаргахдаа Дээд Шүүхийн шийдвэрийг давж, түүнийг үгүйсгэж байгаад бид бүхэн харамсаж байна. Засгийн газрын зарим гишүүдийн хэлж байгаагаар буруу мөнгөөр авсан гэж үзэж байгаа бол шүүхэд хандах эрх нь Засгийн газрын гишүүд болон тэдгээрийн агентлагуудад бий. Нэр бүхий иргэд өнгөрсөн 2017 оны хавар Үндсэн хуулийн цэцэд хандсан байсан. Гэтэл энэ маргаан явж байхад Засгийн газар хоёр ч удаа Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар шийдвэр гаргаж байгаад гайхаж байна. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж дээр Засгийн газар нь хууль дээдлэх түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Гэтэл Улсын Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй. Бид нар Засгийн газарт Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэлт тавьсаар ирсэн. Дээд шүүхийн шийдвэр гарч, хувьцааны бүртгэл сэргэсний дараа ТУЗ-ийн хурлаа хийж асуудал шийдэгдлээ гэж бодож байсан. Цаашдаа Монгол Улсын Засгийн газар удаа дараа хууль бус шийдвэр гаргаж байгаа нь манай компанийг зөвхөн дотоодын гэлтгүй олон улсын түвшинд өөрийнхөө эрх ашгийг хамгаалахаас өөр аргагүй болгож байна гэж үзэж байна. ” гэсэн юм.

Харин тус компанийн өмгөөлөгч н.Батбаяр “51 хувийн хувьцаа эзэмшигч төр болон 49 хувийг эзэмшиж байгаа хувийн хэвшил хоёрын хооронд дахь бизнесийн эрх зүйн маргаантай асуудал явагдаж байна. Энэ асуудал дээр төр, хувийн хэвшил хуулийн хүрээнд эрх тэгш харилцан тохиролцох журмаар асуудлаа шийдвэрлэх ёстой. Өчигдрийн гаргасан мэдэгдэлд төрөөс хувийн өмчийг хууль бусаар хураан авч байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Засгийн газар болон “Монголын зэс корпораци” ХХК-ийн хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй. Хувийн компанийн өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Тийм учраас харилцагчийн зүгээс Монгол Улсын үндсэн хууль, иргэний хууль, компанийн тухай хуульд заасны дагуу эрх ашгаа хамгаалан ажиллах болно” гэлээ.

Г.Нараа


Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …