Сонсогчид халаасны хулгайн гэмт хэргийг илрүүллээ


Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулсан “Шинэ жил-Эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээнд Хууль сахиулахын их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Ө.Энхтөрийн тушаалаар тус сургуулийн 400 сонсогч оролцсон билээ. Тэд энэ үеэр Нийслэлийн зургаан дүүргийн 14 цагдаагийн хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хуваарилагдаж, 280 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн байна.

Арга хэмжээний хүрээнд Цагдаагийн сургуулийн 1, 2, 3 дугаар дамжааны сонсогчид нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэж, хохирол ихтэй халаасны хэд хэдэн хулгайн гэмт хэргийг илрүүлсэнд холбогдох байгууллага, иргэд талархал илэрхийлсээр байна.

“Шинэ жил – Эргүүл, хяналт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвх зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн 313 дугаар дамжааны сонсогч А.Хүсэлбат, 314 дүгээр дамжааны сонсогч А.Батбаяр, 335 дугаар дамжааны сонсогч Т.Баянжаргал нарыг өчигдөр Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”-ээр шагнаж урамшууллаа.

Сонсогчдын шагналыг Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Бат-Эрдэнэ гардуулж баяр хүргэсэн юм.

Сонсогчид нь Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчидтай хамтран таван сая гаруй төгрөгийн хохиролтой зургаан гэмт хэргийг илрүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 2 этгээдийг олж тогтоон, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ЦЕГ

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …