Шөнийн цагаар орон нутгийн замд зорчихгүй байхыг зөвлөж байна


Өнгөрөгч амралтын өдрүүдэд ихэнх нутгаар их хэмжээний цас орж, замын нөхцөл байдал хүнд байв. Тухайн өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 506 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 387 дуудлага бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирч, 18 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэн байна.

Тухайлбал, ням гараг буюу нэгдүгээр сарын 7-нд 23:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг асфальтан замд “Lexus 470” маркийн автомашины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 25-30 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Мөн замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчлийг илрүүлэн шалгаж байгаа юм.

Өчигдөр цас, цасан шуурганы улмаас Өмнөговь аймгийн орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Харин өнөөдөр /2018.01.08/ орон нутгийн чиглэлд зам, даваа хаагаагүй хөдөлгөөн хэвийн үргэлжилж буй.

Гэсэн хэдий ч замын гадаргууд ихээхэн халтиргаа гулгаа үүссэн байгаа тул өдрийн цагт хөдөлгөөнд оролцохдоо замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулах, үзэгдэлт хангалтгүй буюу шөнийн цагаар хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …