Бензин шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл байдал үүссэн тухай ярьж бичицгээж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ нэмэгдсэн, экспортлогч орнууд хилийн үнээ нэмж байгаа зэрэг нь үүнд нөлөөлсөн гэх. Сүүлийн 6 сарын байдлаар дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 27-30 хувь нэмэгдсэн байна. Тэгвэл дотоодын шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл байдал бүр аль эрт үүсээд байсан гэж албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал Ж.Эрдэнэбатын засгийн газар огцорч У.Хүрэлсүхийн засгийн газар байгуулагдаж байх үед нефть импортлогчид шатахууны үнийг нэмэх саналаа засагт тавьж байжээ.
Харин шинэ засгийн газар энэ асуудал дээр эсрэг байр суурьтай байсан байна. Эсрэг байр суурь баримтлах ч үндэслэлтэй байжээ. Яагаад гэвэл дотоодын нефть импортлогчид дэлхийн зах зээл дээр үнэ хямдхан байх үед үнээ буулгаагүй юм. Гэтэл одоо дэлхийн зах дээр үнэ нэмэгдсэн гэсэн тайлбартайгаар үнээ өсгөх гээд байгаа нь шударга зүйл биш гэдэг нь ойлгомжтой. Тухайн үед хэвлэлийнхэн ч энэ асуудлыг хөндөж бензин хямдрах боломж байна харин нефть импортлогчид хүсэхгүй байна гэж бичицгээж байлаа. Харин хэвлэлийнхэнд хариу тайлбарлахдаа үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжиж байгаа учраас үнэ буулгах боломжгүй гэж байв. Тухайн үед дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ хямдарч байхад дагаад хямдардаггүй, үнэтэй байхад өсдөггүй болгож үнийг нам тогтворжуулжээ ч гэж ярьцгааж байсан. Гэтэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөхөөр бид ашиггүй ажиллаж байна, үнээ нэмэгдүүлнэ гэж ярьж байгаа нь шударга зүйл мөн үү. Зах зээлийн хуулийн дагуу үнэ нэмнэ гэх мөртлөө үнэ буурч байх үед дагаад буулгадаггүй нь зах зээл биш л дээ.