Эрдэнэтэд нэг залуу Эвэртэй туулай харсан тухайгаа фейсбүүк хуудснаа постложээ. Гэхдээ зүгээр ч пост оруулсангүй. Нөгөө “бурзай”, “аз аз” гэдэг хэвшсэн уриалгыг хамт бичихээ мартсангүй. Харин түүний постны дор хоёрхон цагийн дотор хоёр мянга гаруй хүн “аз, аз” гэж сэтгэгдэл бичсэн байна.
Өнөөх эвэртэй туулай нь чихмэл байсан эсэх нь тэдгээр хүмүүст огт хамаагүй. Зүгээр л хэзээ нэг өдөр аз ирнэ гэдэгт л итгэж “аз” гэсэн үгийг бичиж орхисон хэрэг. Нийгэмд хэзээ нэг өдөр хаа нэгтээгээс маш их олз олж, гэнэт баяжна гэдэгт итгэдэг олонх бий гэдгийг дохио энэ л дээ. Ийм сэтгэхүйтэй нийгэмд хэн дуртай нь тоглоом наргиан хийж болно. Удахгүй хэн нэг нь “алтан загас олдлоо. Хүслээ хэлээрэй” гэвэл маш олон хүн дор нь хүслээ бичиж магадгүй. Ер нь хүслийн хэмжүүр эд хөрөнгө, эд баялаг, эрх мэдлээр хязгаарлагдана. Харин тэрхүү хүслийн хэмжүүрт тохирсон даажигнал сошиал орчинд идэвхтэй өрнөж байна.
Эвэртэй туулай бол зөвхөн Монголчуудын итгэдэг домог бус. Үүгээр Америкчууд ч ашиг олох нь бий. Жакаполе гэх үлгэрийн баатрын дүрийг бий болгож, туулай болон бугын эврийг ашиглаж, чихмэл хийгээд иргэдийн мухар сүсэгт тулгуурлан ашиг олдог байна. Магадгүй тэрхүү чихмэлүүдээс нэгийг худалдан авсан этгээд өөрийн цахим хуудаснаа бас нэгэн мухар сүсгийг өдөөж, хоёр цагийн хугацаанд хоёр мянга гаруй иргэнийг мунхруулж чаджээ.
Тэгвэл үүнтэй тун төстэй нэгэн пост явсан нь Хөшигтийн хөндийд үүссэн мөсөн хөшөө. “Байгаль дэлхий өөрөө энэ гайхамшгийг бий болголоо. Очиж мөргөл үйлдэж, хувь тавилангаа даатгаарай” гэсэн постуудыг цахим хуудаснаа олж харав.
Мөсөнд очиж мөргөл үйлдэх нь ч юу юм бэ. Хөшигтийн хөндийд мод тарихаар “Яндашгүй тал” гэх компани ус нөөцлөх зорилгоор 30-аад метр өндөр усалгааны төхөөрөмж байршуулсан байна. Ингээд л хүйтэрч, усалгааны төхөөрөмжөөс шүүрч байсан ус хөлдөх явцдаа ийнхүү бүтээлийг бий болгосон байна. Өөрөөр хэлбэл энд мөргөл үйлдэж, цай сүүний дээжээ өргөж, хувь заяагаа даатгаад байх зүйл юу ч алга. Байгаль өөрөө үүнийг бүтээсэн нь үнэн. Хэрвээ хүсвэл та ч гэрийнхээ гадаа ийм хөшөө дурсгалтай болж болно. Гол нь мухарлаж, сүсэглээд байхаар зүйл энд алга байна гэдгийг л ойлгох хэрэгтэй болов уу.