АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “АТГ-ын дарга 60 тэрбумыг хаацайлснаар төсвөөр шагнуулав” сэдэвт хэвлэлийн хурал хийсэн юм. Тэгвэл тус мэдээлэлтэй холбогдуулан Авлигатай Тэмцэх Газраас хариу мэдээлэл хийлээ.
АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан: Х.Энхжаргал дарга бол 60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболдын дотны найз
Тэрбээр “Бид 2018 оныг гэрч, хохирогч, мэдээлэгч, шүгэл үлээгч нарыг хамгаалах жил болгон зарласан. Олон нийтийн зөвлөлд ирүүлсэн иргэдийн саналаас АТГ-т 43 гомдол оруулсан. Үүнээс гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эцэслэн шийдвэрлэсэн гурван хэрэг байгаа.
Азийн сангийн 2016 оны судалгаагаар нэр хаяггүй АТГ-т гомдол хүсэлт гаргах хүсэлтэй гэдэг асуултад иргэдийг 70 хувь нь тийм гэсэн хариулт өгсөн байна. Тэгэхээр иргэдийн дийлэнх нь авлигын эсрэг гомдол гаргахдаа нэр хаягаа тавихыг хүсэхгүй байгаа юм.
АТГ-т ирүүлсэн иргэдийн гомдлыг устгаж байна. Гомдол гаргасан иргэдийг албан тушаалтанд нь ховлодог. АТГ авлигагүй нийгмийн төлөө хамтдаа гээд үүдэн дээрээ биччихсэн. АТГ-ын ажлыг олон хүний нүд хараагаар сайн хянахгүй бол болохоо байчхаж.Х.Энхжаргал дарга бол 60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболдын дотны найз. 60 тэрбумын хэргийг илрүүлэхэд АТГ-ын дарга Х.Энхжаргал саад болдог уу? гэвэл үгүйсгэхгүй” гэж мэдэгдэв.
Авлигатай Тэмцэх Газраас хийсэн хариу мэдэгдэл
АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү”Өнөөдөр Г.Баасан тэргүүтэй хүмүүс худал мэдээлэл тараасантай холбогдуулан мэдээлэл хийж байна Г.Баасан нарын хүмүүс манай байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, удаа дараа худал, ташаа илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тарааж байгааг няцааж байна.АТГ хаалттай байна, дарга нь Олон нийтээс зугтдаг гэсэн мэдээлэл байна.
АТГ-ын дарга цаг тухай бүрт нь холбогдох хүмүүстэй уулздаг байсан. Арванхоёрдугаар сарын 29-нд Г.Баасантай уулзсан. Тэдний ярьсан бүх зүйл бичлэг болж үлдсэн байгаа.
Төсвийн талаар асуудал яригдаж байна. 9 тэрбумаар юу ч хийгээгүй байж 16 тэрбумын төсвөөр шагнагдлаа гэж байна. АТГ-ын төсөв 2014 онд 15.4 тэрбум төгрөг байсан. 2018 онд 14.8 тэрбумаар батлагдсан. Оны сүүлээр бид ямар нэгэн урамшуулал аваагүй. Гэтэл зарим хүмүүс АТГ-ын талаар худал мэдээлэл тарааж байгаа нь олон нийтийг АТГ-д итгэх итгэлийг алдагдуулж байна.
Ямар эрх ашгийн төлөө ийм мэдээлэл хийж яваад байгааг ойлгохгүй байна. Тийм учраас АТГ-аас байгууллагын эсрэг худал мэдээлэл тараахаа зогсоохгүй бол цаашид нэр төрөө сэргээлгэхээр Монгол Улсын дээд шүүхэд хандахаа мэдэгдэж байна” гэв.
Г.Нараа