Г.Номуундарь охины хэрэгтэй холбоотой асуудлаар өмгөөлөгч Р. Булгамаа, О.Чулуунчимэг нар дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Г.Номуундарь охины өмгөөлөгч, Р.Булгамаа “Сүүлийн үед анхаарал татаж буй нэг сэдэв бол Г.Номуундарь охин арваннэгдүгээр сарын 30-ны өдөр өөрийн цахим хуудсаараа өсвөр насны хүүхдүүдийн дунд үүсээд байгаа хар тамхи татдаг дээрээс нь тодорхой далд хэлбэрээр гэмт хэрэг оршин байна гэдгийг олон нийтэд мэдээлсэн.
Г. Номуундарь охины олон нийтэд гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлсэн нь өөрийнхөө нэр төр, ирээдүй, эцэг эх, гэр бүлийнхээ хүмүүсийн нэр төрийг эрсдэлд оруулсан нь зоригтой алхам болсон.
Баасандоржоор ахлуулсан хуулийн баг охины хэрэг дээр ажиллаж байна. Охины хууль ёсны эрхийг хамгаалж түүний аав нь арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржав, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт хандан гомдол гаргасан.
Уг гэмт хэрэгтэй холбоотой Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гарч ажиллаж байна. Гэтэл ажлын хэсэг уг нөхцөл байдлыг шалгах явцдаа хууль зөрчиж байна. Гэрчийг байцаахдаа өмгөөлөгч нарыг оролцуулаагүй байцаалт авсан.
Тиймээс мөрдөгчид хуулийн дагуу арга хэмжээ авахуулна. Өсвөр насны хүүхдүүд хар тамхи сонирхлын маягаар хэрэглэж байгаа нь энэ хэргээс харагдаж байна.
Монгол Улсын эрүүгийн хуульд хар тамхийг хэрэглэсэн этгээдэд хариуцлага хүлээлгэхгүй байна. Зөвхөн зарсан борлуулсан этгээдэд хариуцлага хүлээлгэж байна” гэж мэдэгдэв.
Харин өмгөөлөгч О. Чулуунчимэг “Хэрэгт холбогдсон хоёр этгээд тухайн газарт байсан гэдэг нь тогтоогдсон. Гэтэл цагдаагийн байгууллага энэ хоёр этгээдийг эрэн сурвалжлахгүй байна. Энэ хоёр хүн Монголд байхгүй нь тодорхой болсон.
Г.Номуундарь охиныг сэтгэцийн хувьд эрүүл бус гэсэн мэдээлэл цацагдсан. Охин сэтгэцийн хувьд эрүүл. Элсэлтийн Ерөнхий шалгалтандаа өндөр оноо авч, их дээд сургуульд орсон байсан.
Охиныг бичлэг хийсний дараа хар тамхины газраас ирж шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр охин ямар нэгэн мансууруулах бодис хэрэглэдэггүй гэдэг нь тогтоогдсон” гэв.
Г.Нараа